Сураг ажиг: Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, 8 сайдыг улираана

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, 8 сайдыг улираана

Сураг ажиг: Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, 8 сайдыг улираана

Олонхын санал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхээр нам эвсэл, намын гишүүдтэйгээ тохиролцоо хийгээд тун завгүй яваа. Улс төрийн тохиролцоо, нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж, Ардчилсан намд ямар яамдыг өгөх, ХҮН намтай тохиролцох эсэх гээд тохиролцоо одоо ч үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-аас өмнөх Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд нараа улираахаар тохирсон гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажлын үнэлгээнд аялал жуулчлал, И-Монголиа цахим флатформ, боловсролын салбарт хамгийн сайн ажилласан гэсэн үнэлгээ авсан байдаг. Тиймээс эдгээр салбарын сайд нарыг улирааж ажиллуулна гэдгээ Ерөнхий сайд сонгуулийн сурталчилгааны үеэр хэлж байсан удаатай.

Тэгвэл сүүлийн өдрүүдийн тохиролцоогоор дараах хэд хэдэн сайд нарыг үлдээхээр тохирч байгаа гэнэ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,  Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг сайдаар нь үлдээж, Цахим хөгжлийн сайд Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий.

Сайдаар ажиллах хугацаандаа ажлаа сайн хийсэн, шинэ Засгийн газар байгуулахад тэдний ажилласан туршлага, мэдлэг чухал бөгөөд энэ салбаруудад хийх олон ажлыг нь гардаж хийнэ гэж МАН-ын удирдлагууд үзжээ.

Техник, технологийн зуунд монголчууд цахим үндэстэн болох том амбицтайгаар Цахим хөгжлийн яам байгуулж, Н.Учралыг сайдаар нь томилсон. Өнгөрсөн жилүүдэд төрийн мэдээллийг цахимжуулах, И-Монголиа платформыг өргөжүүлж, иргэдэд хүндрэл багатайгаар төрийн үйлчилгээг явуулах гээд олон чухал ажлын энэ яам, Н.Учрал хийсэн. Тиймээс ч Н.Учралыг дэвшүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу Л.Оюун-Эрдэнийн гал тогоог бариулахаар тохирсон гэнэ. Н.Учралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж ярилцдаг. Харин түүний оронд Цахим хөгжлийн яамыг хэн удирдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, үүнийг дагаад тэрбумын орлого олсон нь эдийн засагт төдийгүй Монгол Улсыг гадаадад таниусан чухал үйл явдал болсон. Цар тахлаас хойш тэг зогсолт хийсэн байсан аялал жуулчлалын салбарыг сэргээж, тэрбумын орлого олсон Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ ажлыг гардаж хийсэн бөгөөд цаашид ч аялал жуулчлалын салбараа аваад явах, хийж байсан бодлогын ажлаа үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж, сайдаар нь улираахаар тохирчээ.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого сэргэж, төрийн том айлчлал хийж, улсдаа ч түүхэн айлчлалуудыг хийж чадсан гавьяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийнх. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Тиймээс ч Ерөнхийлөгчид гадаад бодлогоо өөрийн хүнээр зангидуулж, бодлогоо үргэлжлүүлэх хүсэл байгаа.

Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Л.Оюун-Эрдэнийн,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй учраас сайдаар нь үлдээх боломжтой хувилбар.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдаар ажиллах хугацаандаа боловсролын салбарын багц хуулиудыг батлуулсан, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлсэн гээд олон ажлынхаа гавъяагаар сая УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. Улс төрийн хувьд тэр УИХ дахь MCS фракцийн ганц хүн учраас түүнийг сайдаар нь үлдээх нь боломжит хувилбар.

Л.Оюун-Эрдэнэ, Р.Нямбаатар нарын хүслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг сайдаар нь улираана гэсэн мэдээлэл ч бий. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгаж, нэгийг нь АН-д үлдээх хувилбар ч яригдаж буй. Хэдийгээр Б.Энхбаяр ганцаарчилж тоглодог, поп, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт Б.Энхбаяр хэрэгтэй гэж үзсэн байж ч болох.

Өмнөх Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Номин энэ удаагийн сонгуульд өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд соёлын салбарт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хэрэгжүүлэх ажлаа Ч.Номинг үргэлжлүүлэн хийлгэхийн тулд сайдаар нь улираахаар тохирсон гэх мэдээлэл бий. Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэх нь бий.

Монгол Улсын хувьд Эрчим хүчний салбар хамгийн том асуудалтай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж, аргална даа гэсээр сонгуультай золгосон. Гэвч улс төрийн нөлөө, олон сонгогдсоныг нь бодсон ч Б.Чойжилсүрэн сул гишүүн болгоно гэдэг МАН-ын дарга нарын хувьд “боломжгүй” хувилбар. Тиймээс түүнийг Эрчим хүчний сайдаар нь улираах сурагтай. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг ч мөн улс төрийн нүүдэл харж, сайдаар нь үлдээх тохироо яригдаж байна. Түүний хувьд УИХ-ын дарга болох, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болох амбицтай байгаа гэх мэдээлэл гарсан бөгөөд улс төрийн тохиролцоо хийж, сайдаараа үлдэхээр болсон сурагтай.

Албан бус мэдээллээр АН-д Шадар сайд, Нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Түгжрэл хариуцсан сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгаж, нэгийг нь өгөх зэргээр 6-7 яамыг өгөх тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж