2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд бараг бүгдээрээ шахуу нэр дэвшсэн байдаг. Нэр дэвшсэн зөвлөхүүдийн УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол үлдсэн нь өвдөг шороодож, бууриндаа эргэн очсон.
Ерөнхийлөгчийн найман зөвлөх нэр дэвшсэнээс дөрөв нь тойргоос, нэг нь жагсаалтаар буюу нийт таван зөвлөх нь УИХ-ын гишүүн болжээ.
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа анхны зарлигаараа өөрийн “найз” Ж.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Түүнээс хойш тэрбээр уг албан тушаалаа хашиж байгаад 2024 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгч, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр түр ажилласан юм. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгчийн квотоор орохоос гадна шинэ парламентын УИХ-ын дарга болох “тохироо”-той орж ирсэн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг. Ж.Энхбаяр Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Тэрбээр УИХ-ын даргад горилж байсан ч суудлаа Д.Амарбаясгаланд алдсан. Харин тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргад нэр дэвшээд буй.
Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм. Түүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь танхимд нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүний Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэсэн тохироотойгоор зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийг эртнээс тойглосон байдаг. Тиймээс ч энэ удаагийн нэр дэвшилтэд Ерөнхийлөгчийн квотоор орж ирж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон юм.
Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан мөн УИХ-ын гишүүн болсон. Мөн л У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаад танхимаараа огцорсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр нэг хэсэг ажилласан. Удалгүй Ерөнхийлөгчид зөвлөж байгаад сонгуульд нэр дэвшиж намдаа нэг суудал чирж ирсэн байдаг.
У.Хүрэлсүхийг Шадар сайдаас нь эхлэн дагаж, туслах, зөвлөхөөр нь ажилласан С.Лүндэг 2024 оны сонгуульд Төв, Сэлэнгэ, Дарханы тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. Түүний хувьд сүүлийн хэдэн жил Төв аймгийг тойглож, нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байв. Тойрог томсгосон учраас С.Лүндэг энэ удаагийн сонгууль өнжиж магадгүй гэсэн таамаг байсан ч Ерөнхийлөгчийн квотоор нэр дэвшиж, ялалт байгуулсан юм.
Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ө.Золбаяр нар тойрогт өрсөлдөж, өвдөг шороодсон. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Д.Бум-Очир нар жагсаалтад багтсан бөгөөд Д.Бум-Очир УИХ-ын гишүүн болсон юм.
Холбоотой мэдээ