АНУ-ын засгийн газар "Covid-19"-ийн эсрэг вакцин бүтээсэн "Moderna" компанид 176 сая ам.долларын санхүүжилт олгож, шувууны томуугийн эсрэг вакцин гаргуулж байна. Засгийн газрын мэдэгдсэнээр, "Covid-19" цар тахлаас сургамж авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд бэлтгэлтэй байх ёстой гэв. Шувууны томуу нь шувуу, үхэр гэх мэт амьтдад аюултай бол хүнд тийм ч заналхийлсэн өвчин биш. Гэхдээ мутацид орох магадлалтай гэж эрдэмтэд сэрэмжлүүлсэн юм.
Рибонуклеины хүчилд суурилсан технологийг ашиглан шувууны томуугийн эсрэг вакцин гарган авна. Энэхүү технологийг ашиглан "Covid-19"-ийн эсрэг вакцин гарган авсан байдаг бөгөөд шувууны томуугийн эсрэг вакцин хурдан хугацаанд үйлдвэрлэгдэх боломжийг олгодог. Био-анагаахын дэвшилтэт судалгаа, хөгжлийн газраас олгосон 176 сая ам.долларыг "H5N1"-ийн эсрэг сүүлийн үеийн вакциныг гарган, энэ оноос эхлэн сайн дурын үндсэн дээр хүмүүст туршиж байна.
Шувууны томуу нь олон жилийн турш шувууны төрөл зүйлд халдварладаг өвчин байсан. Гэвч сүүлийн үед бусад төрлийн амьтдад тархах болсон нь тун удахгүй хүмүүст нөлөөлөх боломжтой гэж үздэг. Томуугаар өвдсөн малаас хүнд халдварласан тохиолдол маш ховор. Гэхдээ халдварласан үед амьсгалын дээд замын өвчин, нүдний халдвар зэрэг хөнгөн хэлбэрийн өвчнөөс эхлээд уушгины хатгалгаа зэрэг үхэлд хүргэж болзошгүй өвчний шинж тэмдэг үүсгэдэг гэж АНУ-ын Өвчний хяналтын төвөөс мэдээлэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ