УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүд тангараг өргөж, бүтэц бүрэлдэхүүний асуудлууд олны анхаарлын төвд байна. МАН олонх болж дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой болсон ч АН, ХҮН намтай хамтарч эвсэлийн Засгийн газар байгуулах боломжийн талаар ярилцах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотой бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх, дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгээс АН болон ХҮН намд ямар санал тавьсанаас олон зүйл шалтгаална.
Тэгвэл АН-ын бүлгийн даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’ буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно" гэж мэдэгдэв.
Тэгвэл мөн УИХ-ын дэд даргад нэр нь дэвшсэн Б.Пүрэвдорж гишүүний тухайд өмнө нь "Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна. Ардчилсан нам бол дарга дангаараа шийдвэр гаргадаг нам биш. Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа шийддэг. Өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг ярилцаж, цаашдаа хамтарсан засагт орох тухай ярина. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаж өгсөн. Эрх баригчид өнгөрсөн найман жилийн турш хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тийм учраас эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тийм учраас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. Сөрөг хүчин гээд эсэргүүцэхийн нэр биш. Томоохон бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтран дэмжээд явах боломжтой. Харин болохгүй бүхэн дээр ард түмнийхээ дуу хоолой нь болж явах ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Ямартай ч 126 гишүүнтэй парламентын дэд даргаар сонгогдохоор бүлгийн гишүүдийнхээ дэмжлэг хүлээсэн Б.Пүрэвдорж болон анх удаа 42 гишүүнтэй Ардчилсан намын бүлгийн даргаар улиран томлогдсон О.Цогтгэрэл нар АН айлын хатавчинд очиж суухгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна. Тэгвэл АН-ын ҮБХ-ны Улс төрийн зөвлөл уг асуудлаар ямар шийдвэр гаргахыг харах л үлдсэн. Хэдий тийм боловч АН болон ХҮН намаас Засгийн газарт суух суудлын тоогоо нэмэгдүүлэхийг хүсэж эрх баригч намыг "шантаачилж" байна гэх бор шувуу ч нисэж байна.
Тиймээс наадмын өмнө гэхэд Засгийн газраа байгуулах МАН-ын удирдлагуудын оролцоотой ажлын хэсгийн бялуу хуваах зарчим эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх нь олон зүйлийн зангилааг тайлах нь…
Холбоотой мэдээ