"Залуу гишүүд утга агуулга муутай улстөржиж хэрэггүй"

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

"Залуу гишүүд утга агуулга муутай улстөржиж хэрэггүй"

"Залуу гишүүд  утга агуулга муутай улстөржиж хэрэггүй"

УИХ-ын гишүүн асан Н.Энхболдтой ярилцлаа.


-Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хүрээнд Монгол Улсын парламентын засаглалд томоохон өөрчлөлт орлоо. Таны хувьд шинээр бүрэлдсэн парламентаас хүлээх үр дүнг юу гэж харж байна?

-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 32 жилийн дараа өмнөх алдаа, оноондоо дүгнэлт хийж парламентын бүтэц, агуулгын хувьд түүхэн шинэ хуудас бүтээсэн ийм УИХ ажилдаа орлоо. Юуны өмнө УИХ-ын бүх гишүүддээ амжилт хүсье. Бүтцийн өөрчлөлт хийхээс гадна сонгуулийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал явуулсан цаад зорилго нь улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах, парламентын тогтоолцоогоо бэхжүүлэх, ардчилсан тогтолцоог илүү сайн түвшинд төлөвшүүлэх, улсын төсвийг тарааж, жижиглэж хуваахаас илүү эдийн засгийн асуудлуудаа том зургаар нь харж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх, аль болох нийгмийн олон талт төлөөллийг оруулж ирж асуудлаа олон талаас нь ярьдаг болох зэрэг маш олон давуу тал, өөрчлөлт, шинэчлэлийн талаар хүлээлт бий болсон.

Эдгээрээс дутахааргүй бас нэгэн чухал өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоо олон болсон нь нэг хүнд ногдох эрх мэдлийн хэмжээ буурч, гишүүн гэдэг дарга, тусгай эрх ямба эдэлдэг гэх ойлголтоос аажим аажмаар алсарч байна.

Энэ байдал эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Ийнхүү гишүүдийн тоо олон болох нь янз бүрийн бүлэглэлийн, хувийн эрх ашгийн өмнөөс үйл ажиллагаа явуулахад нь хориг саад, хорио тогтоож 126 гишүүнтэй парламент зөв төлөвших боломж бололцоог нээж өгсөн. Ер нь УИХ бол төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, хяналт тавих ийм л гурван үндсэн үүрэгтэй байгууллага. Тийм учраас УИХ-ын үндсэн үүрэг юу вэ гэдгийг гишүүд юуны түрүүнд бодох хэрэгтэй.

-Ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл харилцан адилгүй УИХ-д орж ирлээ. Шинээр УИХ-ын гишүүн болсон гишүүдийн тоо түлхүү олон харагдаж байна. Төрийн залгамж халааны тухай ойлголт болон хувь хэмжээний тухай юу хэлэх вэ?

-Өмнөх парламент буюу УИХ-ын 76 гишүүнээс бүрдсэн парламентын гишүүд энэ удаагийн парламентын 30 хувийг эзэлж байна. Түүний түрүүчийн парламентад ажиллаж байсан хүмүүсийг оруулаад тооцохоор 36 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентын 65 орчим хувь нь шинэ гишүүд байна. Тиймээс эдгээр шинэ гишүүнд УИХ гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага учраас үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхдээ онцгой анхаарал тавьж ажиллаасай гэж хүсч байна. Хувийн зан чанар араншин, урьд өмнөх байсан явдлуудаа дотроо бодож, дороо тунгааж одоо ард түмний элч төлөөлөгч болсон учраас өөрт тань итгэж саналаа өгсөн мянга мянган иргэд төрийн бодлогод ямар өөрчлөлт оруулах нь вэ гэдгийг хараад хүлээгээд сууж байдаг.

Түүнээс биш хэн нь уран гоё үг хэлж, попорч байна вэ гэж хардаггүй. УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, алдаа дутагдалтай зүйл ярьсан, үйлдэл гаргасан тохиолдол бүрт түүнд итгэл хүлээлгэсэн олон мянган хүний чих халууцаж, өмнөөс нь ичиж байдаг юм шүү.

-Иргэд өөрчлөлт шинэчлэлийг хүссэн. Энэ удаагийн парламентын гишүүдийн 65 хувь нь шинэчлэгдсэн байна. Гэтэл парламентын гишүүдийн чадавхийн асуудал хөндөгдөж таарах нь?

-Шинэ бүрэлдсэн парламентын гишүүддээ найдаж байна. Монголын нийгэм залуужиж байна. Өөрөөр хэлбэл, 50-иас доош насны иргэд нийт хүн амын 70 орчим хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр бүлгийн ашиг сонирхол, хүсэл мөрөөдөл, хэрхэн яаж УИХ-аас гарч байгаа бодлого шийдвэрүүдэд тусч байна, яаж тусгах вэ гэдэг дээр анхаарч ажиллах ёстой. Харин "Би УИХ-ын гишүүн болчихсон учраас халдашгүй дархан эрхтэй, би л үгээ хэлж байвал, үзэл бодлоо илэрхийлж байвал бусад нь хамаагүй" гэдэг байдлаар анхнаасаа хандаад эхлэх юм бол ийм олон гишүүнтэй парламент төлөвшихөд тодорхой цаг хугацаа шаардах байх.

Аль болохоор богино хугацаанд үүргээ ухамсарлаж, нийгмийн өмнө хүлээсэн  хариуцлагаа ойлгож ажиллавал заримдаа бид бүхний гаргаж байсан шиг утга агуулга муутай улстөржиж, бие биенийхээ дээр гарах гээд байдаг ийм байдал бүү давтагдаасай гэж бодож байна.

Бусдынхаа үгийг, үзэл бодлыг хүлээцтэй сонсож “Энэ хүн яагаад ийм үг хэлэх болов” гэдгийг тунгааж бодоод хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Залуучууд, иргэд чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр дээр нь дүгнэлт хийж сонголтоо зөв хийсэн эсэх дээр дүн тавина. Тиймээс энэ итгэлийг алдахгүй байвал төр, иргэн хоёрын хоорондын холбоо, итгэлцэл дээр батжин бэхжинэ. Яах аргагүй шинэ өнгө, шинэ бодлого, шинэ төлөвшил, шинэ зан араншин, шинэ боловсролоор  хандаж эхлэх нь чухал байгаа юм.

-УИХ-д таван нам, эвслийн төлөөлөл орж ирлээ. Солонгорсон парламентыг бий болгох зорилтодоо тодорхой  түвшинд хүрсэн. Солонгорсон парламентын үед хамтарсан засаг байгуулах нь хэр оновчтой шийдэл гэж харж байна?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд оруулсан томоохон өөрчлөлтүүдийн бас нэгэн суурь шинжтэй асуудал бол эв нэгдлийн тухай асуудал, улс төрийн тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдлын тухай асуудал юм. Энэ үүднээсээ шинэ УИХ-ын гишүүд, намын удирдлагууд аль арга зам нь улс орны хэмжээний том асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэгтэй вэ гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ нэг танхимтай байх ба 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон тохиолдолд тухайн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно. Мөн УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонх болно гэж заасан. Уг заалтын дагуу МАН олонх болж, 10 хүний илүүгээрээ асуудлаа шийдээд явах боломж бүрэн бий. Хэдий тийм боловч УИХ-д сонгогдсон гишүүн, нам бүрийн удирдлагуудын шийдвэрээс хамтарсан засаг байгуулах эсэх асуудал ихээхэн хамаарна. Эцсийн дүндээ тогтвортой байдал, улс орныхоо хөгжлийг бодох нь чухал.

Эхнээсээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд ямар ч бодлого шийдвэрийн эсрэг дуугарч, тэр хэмжээгээрээ сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн гэж харагдах, хүчтэй дуу хоолой болно гэж бодож ажлаа эхлэх юм бол буруу бөгөөд хортой. Зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилдэг улс орныхоо том эрх ашгийг өөрийн болон нам, эвслийн амбиц, эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг ёс зүй, зарчимтай л байх нь чухал.

Мэдээж УИХ-ын гишүүд ярилцаж байгаад шийдэлд хүрэх байх.

-Өнгөрөгч парламентын гишүүдийг Засгийн газарт хяналт тавих үүргээ муу гүйтгэсэн талаар шүүмжлэл өрнөдөг. Энэ нь давхар дээлтэй гишүүдийн тоо олон байсантай холбоотой байх. Энэ удаагийн парламент Засгийн газарт хяналт тавих тогтолцоо бүрдэх болов уу?

-Өмнөх хоёр удаагийн сонгуулийн үр дүнд нэг намын 60 гаруй гишүүн парламентад сонгогдсон буюу олонх болсон. Ямар ч тохиолдолд ийм үед нэг намын давамгай байдал бий болж тухайн намын бодлого л хэрэгжинэ. Миний хувьд Засгийн газар нь парламентынхаа дээр гараад суучихсан гэж харж ирээгүй. Ийм том бүрэлдэхүүнтэй нам ялсан учраас өөрийнхөө өмнө тавьсан зорилго, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар, УИХ нь харилцан биенээ дэмжиж, хамтраад ажиллахаас өөр аргагүй. Харин олон намаас бүрэлдэж байгаа парламентын тухайд УИХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага гэдгээ ухамсарлаж сайтар ярилцах хэрэгтэй.  Түүнчлэн том зургаараа улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, тогтолцооны өөрчлөлтийн тухайд Засгийн газар, УИХ хэрхэн харилцан хяналттай бөгөөд үр дүнтэй ажиллах вэ гэдэг нь чухал. Бүгд нийгмээ өөрчлөхийг хүсч байна. Улсаа хөгжүүлэхийг хүсч байна. Тэгвэл тэр арга замаа хамтарч олох нь зөв. Цаашлаад "жоомоо алах гээд байшингаа шатаачихаж болохгүй” учраас хаа хаанаа ухамсартай хандах хэрэгтэй. Ялангуяа залуу улстөрчид энэ асуудлыг тунгааж бодоосой гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж