2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан парламентын гишүүд тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа хийв. Харин энэ өдрүүдэд олны анхаарал татаж буй асуудал нь Засгийн газрын бүтэц. МАН олонх болсон учраас Засгийн газраа бүрдүүлнэ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлэх бөгөөд Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулах санал тавиад буй. ХҮН намд нэг сайдын суудал болох Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Шадар сайдын суудал санал болгосон. Харин Ардчилсан намд урьдчилсан байдлаар Шадар сайдаас гадна зургаан яам өгнө гэсэн албан бус яриа улс төрийн хүрээнд өрнөөд байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч тохироонд эцэслэн хүрээгүй учраас өнөөдөр дахин хуралдана. Удирдах зөвлөл хуралдсаны дараа МАН Бага хурлаа хуралдуулж, Засгийн газрын бүтцээ эцэслэж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг жинхэлнэ. Өөрөөр хэлбэл, Пүрэв, Баасан гаригийн аль нэгэнд нь МАН-ын Бага хурал хуралдана гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндэсний их баяр наадмаас өмнө Засгийн газраа бүрдүүлж, ажилдаа орох амбицтай байгаа.
Тиймээс ч АН, ХҮН намтай тохиролцож чадвал томилгоогоо шуурхайлна.
ХҮН НАМ БҮЛЭГТЭЙ БОЛЖ, НЭГ САЙДЫН СУУДАЛ АВАХ ТОХИРОО
УИХ-ын сонгуулийн үр дүнд ХҮН нам найман гишүүнтэй болсон. Тойргоос хоёр гишүүн сонгогдсон бол жагсаалтаар зургаан гишүүнтэй болсон. Гэвч УИХ-ын Дэгийн тухай хуулиар 126 гишүүнтэй парламентын дэгээр бол 10 гишүүнтэй байж,УИХ-д бүлэг байгуулах заалт бий. Тиймээс ХҮН намын зүгээс УИХ-д бүлэгтэй болж, эрх мэдлээ томруулахын тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, найман гишүүнтэйгээр бүлэгтэй болох амбицтай байгаагаа ил, далд илэрхийлж буй. Хэрэв ХҮН намыг бүлэгтэй болгохгүй бол Засгийн газарт хамтрахгүй гэсэн санал илэрхийлсэн. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ХҮН нам найман гишүүнтэйгээр бүлэг байгуулах хүслийг нь биелүүлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Шадар сайдын суудалд ХҮН намын дарга Т.Доржханд очно гэсэн үг. Гэхдээ эрх баригч намын удирдлагууд одоогоор ХҮН намын бүлэгтэй болох саналыг хүлээж авах эсэхээ эцэслээгүй байгаа юм.
АН-Д ЯМАР ЯАМ ӨГӨХӨӨ ЭЦЭСЛЭН ТОХИРООГҮЙ БАЙНА
Ардчилсан намын хувьд бүлгийн хуралдаанаа хийж, бүлгийн дарга болон УИХ-ын дэд дарга нараа олонхоороо шийдсэн. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилж, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сонгох шийдвэрээ гаргасан.
Харин Засгийн газарт хамтрах талаар бүлгийн хурлаар яриагүй бөгөөд Улс төрийн зөвлөл нь хамтрах шийдвэрээ гаргасан гэх. Намын удирдлагуудын зүгээс Засгийн газарт хамтрахдаа Шадар сайдаар Л.Гантөмөрийг томилж, зарим яамны сайд нарыг томилно гэсэн мэдээлэл бий. Ардчилсан намд ямар яамыг хариуцуулах талаар эцэслэн тохироогүй ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажиллах хүсэл, амбиц нь хэвээрээ.
Л.ЭНХ-АМГАЛАН, Б.БАТЦЭЦЭГ, Б.ЖАВХЛАН, Б.ЭНХБАЯР НАРЫГ САЙДААР НЬ УЛИРААХ УУ?
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарыг сайдаар нь үлдээх албан бус тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий. Сайдаар ажиллах хугацаандаа ажлаа сайн хийсэн, шинэ Засгийн газар байгуулахад тэдний ажилласан туршлага, мэдлэг чухал бөгөөд энэ салбаруудад хийх олон ажлыг нь гардаж хийнэ гэж МАН-ын удирдлагууд үзсэн байж болох. Нөгөө талдаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Тиймээс ч Ерөнхийлөгчид гадаад бодлогоо өөрийн хүнээр зангидуулж, бодлогоо үргэлжлүүлэх хүсэл байгаа. Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй учраас сайдаар нь үлдээх боломжтой хувилбар. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдаар ажиллах хугацаандаа боловсролын салбарын багц хуулиудыг батлуулсан, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлсэн гээд олон ажлынхаа гавъяагаар сая УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. Улс төрийн хувьд тэр УИХ дахь MCS фракцийн ганц хүн учраас түүнийг сайдаар нь үлдээх нь боломжит хувилбар. Л.Оюун-Эрдэнэ, Р.Нямбаатар нарын хүслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг сайдаар нь улираана гэсэн мэдээлэл ч бий. Хэдийгээр Б.Энхбаяр ганцаарчилж тоглодог, поп, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт Б.Энхбаяр хэрэгтэй гэж үзсэн байж ч болох.
САЙД НАРЫН ТООГ НЭМЖ, ЯАМД ХОЁР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ БАЙХ УУ?
Засгийн газрын бүтэц яригдсан цагаас эхлэн Англи, Шинэ Зеландын Засгийн газрын бүтцийн танилцуулгыг Л.Оюун-Эрдэнийн ойроос мэдээлэх болсон. Тэдний сайд нарын бүтэц, хэдэн сайдтай байдаг зэргээр түгээх болсон нь учиртай. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нарынхаа тоог нэмэх хүсэлтэй байгаа. Тэгж байж нам, фракцынхаа төлөөллийг хангана гэж тооцоолсон байж болох. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Англи, Шинэ Зеланд улсуудтай адил тогтолцооны шинэчлэл хийсэн бөгөөд Шинэ Зеландын хамтарсан Засгийн газар нь 20 сайдтай, Английн Засгийн газар нь 23 сайдтай байдаг бөгөөд нэг Шадар сайдтай, чиг үүргийн 21 яамтай байдаг гэх мэтээр олон нийтэд түгээж буй нь сайд нарын тоо нэмэх санаа. Гэхдээ шинэ бүрдэх Засгийн газар сайд нарын тоог нэмэхдээ өмнөх Боомт, түгжрэл, спортын сайд шиг яамгүй сайд нар томилохоор яригдаж буй.
Мөн түүнээс гадна яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын тоог нэмэхээр яригдаж байна. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг хоёр болгож, улс төрийн болон төрийн гэсэн хоёр ангиллаар албан тушаал нэмэх хувилбар яригдаж байна.
Энэ мэт олон хувилбар яригдаж байгаа ч өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл эцэслэж, АН, ХҮН намтай тохиролцож, МАН Бага хурлаа хуралдуулж, Засгийн газар бүрдэх юм.
Засгийн газрын бүтцийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас гадна Ерөнхийлөгч "оролцож" эцэслэнэ гэдгийг онцолъё. Мөн МАН дангаараа Засгийн газар байгуулж, 60/40 харьцаатай дан болон давхар дээлтэй сайд томилох санал ч тодорхой хүрээнд яригдсан гэх мэдээлэл ч бий.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ