МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан шинэ парламентын спикер болсон. Тиймээс МАН-ын гал тогоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт түр хариуцуулахаар болсон байна. Харин түүнийг МАН-ын Бага хурлаар жинхлэх асуудал яригдах аж.
Я.Содбаатарын хувьд МАН-ын гал тогоог өлхөн аваад явчих туршлагатай. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Хувь хүнийхээ зан характерийн хувьд буурьтай, бусадтай тэрсэлдээд байдаггүй. Тиймдээ ч өнгөрсөн гурван жил Ерөнхийлөгчийн Тамгын газрыг маш чамбай авч явсан гэж улс төрийн хүрээнийхэн үнэлж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёр дахь том албан тушаалтан. Намынхаа бодлогыг зангидахаас гадна удирдлагаар хангах үүрэгтэй. Мөн нам доторх фракц, бүлэглэлүүдийн эрх ашгийг хангах, парламентад суудалтай намуудтайгаа ойлголцож ажиллах шаардлага гарна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол Засгийн сайд нараасаа ч том албан тушаалтан. Учир нь эрх барьж байгаа намын гал тогоог хариуцаж байгаагийн хувьд хэнийг ямар албан тушаалд томилохыг намын даргатайгаа хамт шийднэ гэсэн үг.
Мөн Л.Оюун-Эрдэнийн шинэ засаг аль намтай эвсэх, мөн МАН-аас хэн, хэнийг гүйцэтгэх засаглалд оруулахыг шийдэх хүмүүсийн нэг нь Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар юм.
Энэ удаагийн парламент жинхэнээсээ солонгорч, дөрвөн нам, нэг эвсэл суудал авсан. Эрх баригч МАН 66 суудал авсан бол парламентын хамгийн том сөрөг хүчин АН 42 кноптой болсон. Тэгвэл ХҮН нам найм, Үндэсний эвсэл болон ИЗНН тус бүр дөрвөн суудалтай болсон.
Парламентын ардчиллыг хангахад эрх баригч намын оролцоо чухал. Хэрэвзээ хамтарсан засаг байгуулагдлаа гэхэд парламентад суудалтай намуудтай ойлголцоход Я.Содбаатарын туршлага хаачих билээ.
Нэн ялангуяа дэлхийн улс төрийн нөхцөл байдал улам амаргүй болж буй энэ үед эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдрэмжтэй ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нь нэг намаас томилогдсон. Тэдний нам дахь оролцоог тэнцвэртэй барьж явах нь Ерөнхий нарийн бичгийн даргын мэдрэмжээс хамаарна.
Б.БАТ
Холбоотой мэдээ