Зуны арьс арчилгааны хамгийн чухал бүтээгдэхүүн бол нарны тос юм. Ихэнх хүн зөвхөн зуны улиралд л нарны тосыг ашиглаж эхэлдэг. Үнэн хэрэгтээ нарны тосыг жилийн дөрвөн улирал ашигласнаар элдэв арьсны өвчин болон хөгшрөлтөөс хамгаалдаг ажээ. Гэхдээ нарны тосны найрлага, орцыг нь сайтар шалгах хэрэгтэй. Зарим тос амласан шигээ нарнаас хамгаалж чаддаггүй бөгөөд аюултай химийн найрлагатай байдаг. Тэгвэл нарны тосыг хэрхэн сонгох, ямар үйлчилгээтэйг нь хэрхэн мэдэх вэ?
"UVA" болон "UVB" хооронд ямар ялгаа байдаг вэ? Нарны тосны савлагаа дээр энэхүү хоёр төрлийн тодорхойлолтыг тусгаж өгсөн байдаг. Үндсэндээ нарны хэт ягаан туяаны хоёр үндсэн төрөл юм. "А" нь хөгшрөлтийг үүсгэх туяа тул "UVA" нь уг төрлийн туяанаас хамгаалдаг. Харин "В" туяа нь арьсны гүнийг гэмтээж, түлдэг учир "UVB" нь арьс түлэгдэхээс хамгаална гэсэн утгатай тэмдэглэгээ юм. Хэт ягаан туяа нь хөгшрөлт үүсгэдэг болохыг тогтоосон цагаас хойш үүнээс хамгаалах найрлагатай нарны тос гаргах болсон юм. Мөн хэт ягаан туяанаас болж арьсны ДНХ гэмтэж, арьсны хорт хавдар үүсдэг учир өдөр бүр нарны тос түрхэх хэрэгтэй.
SPF ГЭЖ ЮУ ВЭ?
"SPF" нь "Sun Protection Factor" -ийн товчлол юм. Энэ нь "UVB"-ийн нөлөөнөөс хамгаалах чанарыг илтгэнэ. "SPF15" нарны тосыг жишээ авч үзвэл, нарны хэт ягаан туяанаас ирэх 100 фотоны долоог нь л арьсанд нэвчүүлдэг. Энэ нь арьсыг 93 хувь хамгаалдаг гэсэн үг юм.
- SPF15 нь арьсыг 93 хувь
- SPF30 нь арьсыг 97 хувь
- SPF50 нь арьсыг 98 хувь тус тус хамгаална.
Мөн нарны тосыг хэр хугацааны дараа дахин түрхэх шаардлагатайг мэдэж болно. Тодруулбал, нарны тос түрхээгүй арьс 10 минутын дараа түлэгддэг бол "SPF30"-тай нарны тос таван цагийн турш нарнаас хамгаалах боломжтой юм. Үүнийг бодоход амархан бөгөөд ердөө "SPF" -ийн 30 хувийг 10 минуттай үржүүлэхэд хангалттай. Хэрэв "SPF50"-тай тос түрхсэн бол 500 минут буюу найман цагийн турш нарнаас арьсаа хамгаалах юм.
ОДТОЙ ҮНЭЛГЭЭ
"SPF" нь "UVB"-гээс хамгаалах хувийг илтгэдэг бол одтой үнэлгээ нь "UVA"-гээс хамгаалах чадварыг илтгэдэг. Хамгийн сайн "UVA"-гээс хамгаалах нарны тос дөрөв юм уу таван одтой байдаг бол тийм ч сайн биш нь ямар ч одгүй эсвэл нэг одтой байдаг аж.
"UV" БУЮУ ХЭТ ЯГААН ТУЯАНЫ ИНДЕКС ГЭЖ ЮУ ВЭ
Хэт ягаан туяаны индекс нь нарны туяа хэр хүчтэй болохыг хэлж өгдөг . Тоогоор хэмжигдэх бөгөөд өндөр тоо байх тусам нарны туяа тэр хэмжээгээрээ аюултайг хэлнэ. Ихэвчлэн нэгээс ес хүртэл хэмждэг. Хэрэв индекс гурав болон түүнээс дээш гэж заасан байвал арьсанд хор хөнөөлтэй болохыг илтгэдэг тул заавал нарны тос түрхэх ёстойг санаарай. Хэт ягаан туяа нь ерөнхийдөө 11:00-15:00 цагийн хооронд хамгийн хүчтэй байдаг. Их Британид л гэхэд гуравдугаар сараас аравдугаар сарын хооронд бүрхэг, хүйтэн атлаа нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээх боломжтой байдаг.
НАРНЫ ТОС ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Нарны тос үндсэн хоёр төрлийн шинжийг агуулсан байдаг. Эрдсийн найрлагатай нарны тосонд титаны давхар исэл, цайрын ислийг агуулдаг. Эдгээр нь хэт ягаан туяа арьсанд нэвтэрч, тархахаас сэргийлдэг. Харин химийн найрлагатай тосонд аминобензойн хүчил, авобензон, октисалат, октокрилен, оксибензон орно. Энэ нь арьсанд шингэж, гэмтээхээс сэргийлдэг аж.
ЗӨВЛӨГӨӨ
Их Британийн хорт хавдрын судалгааны газраас гаргасан нарны тос түрхэх зөвлөмжид тосыг жигд, зузаан түрхэхийг зөвлөсөн байдаг. Мөн нарны тосны савлагаа дээр өдөрт нэг л удаа түрхэхэд хангалттай юм уу усанд тэсвэртэй гэж бичсэн байсан ч дахин түрхэх шаардлагатай. Гоо сайхны будаг дээр "SPF" хамгаалалттай гэж бичсэн байсан ч найдалтгүй. Хамгийн чухал нь нарнаас хамгаалах тосны он сарыг сайтар шалгахыг уриалжээ.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ