УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүд өнөөдөр /2024.07.02/ тангаргаа өргөлөө. Энэ үеэр УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүний байр суурийг сонирхлоо.
-УИХ-ын гишүүн тангаргаа өргөлөө, баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа хэр үнэнч ажиллана гэж бодож байна вэ?
-Баярлалаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байх тухай ярихад, Монгол төрийн төлөө үнэнч зүтгэсэн хүнд халтай гэдэг үг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бид нар улс төрийн зориг гаргасан том реформын чанартай шийдлүүдийг хийхээсээ айдаг болсон. Яагаад вэ гэхээр тэр нь иргэдэд буруу ташаа ойлгогдох ч юм уу эсвэл зохион байгуулалттайгаар хар PR хийж, тухайн улстөрчийг тухайн реформтой нь хамт байхгүй болгодог жишиг тогтсон. Залуу улстөрч хүний хувьд, улс төрд шинэ салхи оруулж байгаа хүний хувьд дайралтаас айхгүйгээр зоригтой ажиллана гэж бодож байна.
-Энэ удаагийн парламентын гишүүдэд иргэд өндөр хүлээлттэй байгаа шүү дээ. Иргэдийн хүлээлтэд хүрч ажиллахын тулд та юунаас ажлаа эхлэх вэ?
-Мэдээж 126 гишүүнтэй болоод ирэхээр маш их зөвшилцөх асуудлууд гарна. Үүн дээр ямар нэг гишүүний шийдвэрээр ч юм уу, хувь хүнээс шалтгаалах нөлөөлөл багасна. Илүү бүлгийн, болон нам дотор гарч байгаа шийдвэрүүдтэй уялдаж явах байх. Тэгэхээр бидний хувьд маш сайн дотроо ойлголцох ёстой. Ялангуяа Ардчилсан намын хувьд бүх цаг үеэс илүү эв нэгдэлтэй байх шаардлагатай.
-Цаашид нийгмийн ямар чиглэлд анхаарч ажиллах вэ?
-Миний хувьд Ардчилсан намын хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгээр ажиллаж байх хугацаандаа мөрийн хөтөлбөр дээрээ ажилласан. Үндсэндээ есөн том зорилго дэвшүүлсний хамгийн гол ач холбогдол өгч байгаа салбар бол эрчим хүчний салбар. Үеийн үед орхигдож ирсэн энэ салбарт бид зоригтойгоор реформуудыг хийхээр төлөвлөж байна.
-УИХ-ын гишүүд амлалтаа мартаж, ёс зүйгүй асуудлуудад холбогдсон жишээ олон байдаг. Та ёс зүйгүй асуудлуудад холбогдохүй ажиллаж чадах уу?
-УИХ-ын гишүүний сард авдаг цалин хэд вэ гэдгийг бид бодох ёстой. Амьдралынхаа төлөвлөгөөнд үнэхээр энэ цалингаар амьдарч чадах уу гэдгээ бид боддог байх ёстой. Бүх УИХ-ын гишүүд үүнд санал нэгдсэн учраас УИХ-д орж ирсэн гэж бодож байна. Миний хувьд яг хуулийнхаа дагуу авсан цалингаараа амьдраад явах учраас өөр ёс зүйгүй асуудлуудад холбогдохгүй гэж бодож байна. Хүмүүс УИХ-д гарна гэхээр хэдэн тэрбум төгрөгийн орлого олно гэж боддог. Энэ жишгийг бид халах шаардлагатай. Зөвхөн баян хүн улстөрч болдоггүй.
Холбоотой мэдээ