Л.Оюун-Эрдэнийн тавьсан болзол!

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн тавьсан болзол!

Л.Оюун-Эрдэнийн тавьсан болзол!

ҮХНӨ-өөр суулгаж өгсөн тоо ба тогтолцооны өөрчлөлтөөр бүрэлдсэн парламент анхдугаар чуулганаа зарлан хуралдуулж, 4 нам, нэг эвслээс сонгогдсон 126 гишүүн тангаргаа өргөлөө.

Энэ удаагийн сонгуульд МАН олонх болж засгийн газраа эмхлэх үүрэг хүлээсэн агаад АН, ХҮН намтай хамтрах тухай “мессеж”санал хураалтын маргаашнаас сошиал, хэвлэлээр цацагдах болсон нь санамсаргүй зүйл биш. Угаасаа улстөрд зорилгогүй мэдээ, зохион байгуулалтгүй акц гэж байдаггүй хойно.

Ганц дайчин ганцаардахгүй болохоо харуулж, парламентад 4 суудал авсан Н.Номтойбаярын Үндэсний эвсэл МАН-ын Засгийн газарт хамтрахгүй гэдгээ зарлаж, харин АН, ХҮН намын зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл, байр суурь илэрхийлээгүй.

Сонгуульд  ялбал АН, ХҮН-тэй хамтарч, засаг барих асуудал аль эрт МАН-ын даргын өрөөнд тохиролцсон гэдэг нь оргүй хоосон гүтгэлэг биш байх. Өнгөрсөн парламентаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний баялагийн сан байгуулах асуудалд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай намуудын дэмжлэг авсан. Тиймээс улс төрийн бодлогод нь улс төрийн дэмжлэг үзүүлсэн АН, ХҮН намтай хөшигний ард албан бусаар хамтрах асуудал нэг бус удаа яригдсан байх. Мэдээж, найман жил гудамжинд явсан намаа “хоолонд” оруулах, гишүүдээ ажилтай болгох нь Л.Гантөмөр, Т.Доржханд нарын хувьд нэн чухал асуудал болсон. Намынхаа боловсон хүчнийг бэлтгэх нь дараа, дараагийн сонгуульд нь хэрэгтэй ч байх.

Гэхдээ хамтарсан тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх нь тоглоомын гол дүрэм байх бололтой. Тэрхүү дүрмийг засгийн эрхийг үргэлжлүүлэн барих эрхээ Монголын ард түмнээс авсан Л.Оюун-Эрдэнэ тогтооно. Хэрэвзээ түүний бодлогыг дэмжинэ гэвэл АН, ХҮН нам засгийн эрхийг хуваалцах эрхтэй болох аж.

Учир нь, сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ МАН ялсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран ажиллах улс төрийн шийдвэрээ гаргуулчихсан. Товчхондоо, айдаггүйгээ авдартаа аль эрт хийчихсэн хүн.

Ерөнхий сайдынхаа албан тушаалыг үргэлжлүүлэх нь тов тодорхой байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд засгийн бүтцээс илүү Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, бодлогоо эхлээд тодорхой болгох аж.  Засгийн газар, мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсныхаа дараа Засгийн газрын бүтцээ зурах аж. Үүний дараа бүрэлдэхүүнээ зурах аж.

Л.Оюун-Эрдэнийн хувьд өмнөх бодлогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж, Засгийн газрын бодлогодоо эрчим хүчний реформ хийх, иргэдээ орон сууцжуулах, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, төрийн авлига, хулгайтай тэмцэх, Баялгийн сангийн хэрэгжилтийг хангах зэргийг тусгажээ.

Хамтарсан засаг байгуулах нэг давуу тал нь Засгийн газрын бодлого намуудын дэмжлэгтэйгээр урагшлах боломжтой юм. С.Баярын стандарт бус хамтарсан засгийн үед Оюутолгой төслийг хөдөлгөсөн нь өнөөдрийн эдийн засгийг чирж яваа нь бодит үнэн

Гэвчиг, өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манан гэх үгийг олонтаа хэлсэн. Манантай тэмцэж байгаагаа зарлаж ирсэн. Атал өнөөдөр АН, ХҮН намыг засагтаа урьж байгаа нь шинэ манан төрүүлж байна гэсэн шүүмжлэл олон нийтээс тасрахгүй байгаа. Энэ нь 2028 онд Л.Оюун-Эрдэнийн эсрэг пиар болж магадгүй. Манантай тэмцэгч өөрөө манан байгуулна гэдэг үг-үйдлээсээ зөрсөн үйлдэл. Энэ нь МАН дахь “сөрөг хүчин”-д сайхан өгөөш болох нь дамжиггүй.

Эвслээ гэхэд 2027 онд АН, ХҮН ч эвслээ задлах нь тодорхой. С.Баярын засагт эвсэж орсон Н.Алтанхуяг, Х.Баттулга нар 2007 онд МАН-ын засгаас гарч байгаагаа зарлаж байсан.

Эвсэхгүйгээр засгаа бүрдүүлвэл МАН дангаараа алдаа, оноогоо хүлээнэ гэсэн үг. Учир нь хамтарсан тохиолдолд алдаа нь МАН-ынх, амжилт нь бусдынх болно гэсэн үг.  Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ тоглоомын дүрмээ тодорхой болголоо. Тоглоомд оролцох эсэх нь АН, ХҮН намын удирдлагуудын мэдэх хэрэг болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж