УИХ-ын сонгуулиар АН өмнөх 11 суудлаа 42 болгосон бол МАН өмнөх 62 суудлаа ердөө 68 болгосон. Гадаадын хэвлэлүүд эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцсон бол сөрөг хүчин томоохон амжилт үзүүллээ гэж дүгнэн бичиж байна.
Сонгууль болгоны дараа нам, эвслүүдэд албан тушаалын шилжилт хөдөлгөөн, халаа сэлгээ явддаг. МАН-ын генсекээр ЕТГ-ын дарга Я.Содбаатар очих бол АН ч генсекээ солихоор болсон байна. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Одбаяр жагсаалтын 11-д бичигдэж, УИХ-ын гишүүн болсон. Түүний оронд хэнийг генсек болгох вэ гэсэн яриа АН-д ид өрнөж байна.
Э.Одбаяр нь "Нэг Монгол" фракцийнх. Тиймээс энэ удаад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөр фракциас томилох ёстой гэсэн байр суурийг бусад фракциудаас гаргах болсон байна. Учир нь, "Нэг Монгол" фракцийн тэргүүн , УИХ-ын гишүүн Н.Ганибал намын генсек болгох асуудлыг бусад фракцууд эрс эсэргүүцэж байгаа аж.
Н.Ганибал нь МАН-ын гишүүн Б.Жавхлантай халаас нэг гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд байдаг. Энэ утгаараа АН ахиад Ардын намын БЭТ-тэй болох ёсгүй гэж АН-ын жирийн гишүүд нь дургүйцэж байгаа аж.
Тиймээс АН-ын нүүр царай болж, олон нийтээс дэмжлэг авч чадах, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө эрх баригчдаас айхгүй дуугарч чадах, ашиг сонирхолгүй, ардаа барьцаа, дарамтгүй хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох шаардлагыг жирийн гишүүдийн зүгээс тавьж байгаа юм байна. Учир нь, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярыг МАН-ын тавиул, БЭТ гэсэн яриа АН-д болон нийгэмд тархсан. Үүнийг өөрөө батлах мэт өнгөрсөн хугацаанд МАН эсрэг мэдэгдэл байтугай, мэтгэлцээнд ч оролцоогүй юм.
Тэгвэл АН-ын шинэ генсекээр Б.Баттөмөр гэж залуугийн нэр яригдаж эхэлжээ. Б.Баттөмөр нь "Тэнгэр" телевизээр зохион байгуулсан сонгуулийн мэтгэлцээнд оролцож, хэр чамбай улстөрч болохоо нийгэмд таниулсан. Нөгөө талаасаа намын удирдах албан тушаалд залуусаа томилж ачааны хүндийг үүрүүлэх, боловсон хүчнээ бэлтгэх цаг болсон.
Нөгөөтэйгүүр ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлдэг, эрх баригчдын эсрэг тэмцэхээс эмээдэггүй, ашиг сонирхолгүй, нийгэмд нэр хүнд сайтай залуу хүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга болгох нь нийгэмд ерэг сурталчилгаа болно.
Б.БАТ
Холбоотой мэдээ