Монгол Улсад 2023 оны байдлаар аялал жуулчлалын чиглэлээр судлаачдын гаргасан тоо болон тээврийн хэрэгслийн орц, гарцын дүнгээс үзэхэд нийт 860-880 мянган хүн дотооддоо аялсан байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Золбадрал "2023 онд Монголд хамгийн өндөр тооны аялал жуулчлалын давлагаа бий болсон. Жил жилээр аялал жуулчлалын хүрээ өргөжиж байна. Эрэлт их байгаа учраас нийлүүлэлт хэрэгтэй гэдэг зарчмаар аялал жуулчлал руу чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Өнгөрсөн онд монголчуудын аялдаг маршрут дээр бага зэрэг өөрчлөлт гарсан. Судалгаагаар монголчууд дотооддоо Архангай аймаг руу хамгийн их аялсан байна. 2024 он гарснаар мөн ялгаагүй энэ чиглэлд дотоодын жуулчид ихээр аялах хандлага ажиглагдаж байна.
Түүнчлэн Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь аймаг руу аялсан бөгөөд, орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу их аялдаг гэлээ.
Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь хөдөө аж ахуй (ДНБ-ий 25 орчим хувь), уул уурхай (ДНБ-ий 20 орчим хувь)-н дараа орох эдийн засгийн гуравдах чухал салбар юм. Монголчууд дотооддоо аялал хийх нь нэмэгдсэнээс гадна Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна. Монголд ирж байгаа жуулчдыг аяллын зорилгоор ангилж үзэхэд 20 гаруй хувь нь амралт жуулчлалын зорилгоор ирсэн бөгөөд жуулчдын дийлэнх нь Монголын унаган байгаль, нүүдэлчин соёл, Чингис хааны тухай илүү сонирхдог байна. Гэвч Монгол Улс соёлын болон байгалийн нөөц, нүүдлийн ахуй, зан заншил, өвөрмөц олонд танигдсан түүх зэрэг аялал жуулчлалын үзмэрийн давуу тал олон боловч, дэд бүтцийн хөгжил тааруу, маркетингийн үйл ажиллагааны түвшин сул, улирлын шинж чанартай зэрэг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд саад болж байна гэж мэргэжилтнүүд үздэг.
Холбоотой мэдээ