Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.
–Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй боллоо. Томсгосон тойргийн давуу болон сул талыг юу гэж харж байна?
-Сонгуулийн тойргийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, тусгаагүй. Харин хүн ам зүй, засаг захиргааны нэгжийг үндэслэн УИХ тойргийн хэмжээг тогтоох тухай л заасан. Үр дүнд нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ сонгуулийн товыг зарлах үед, томсгосон тойрог зурснаа олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр гэнэт оруулж ирж баталсан. Судлаачдад ч санал бодлоо хэлэх бололцоогүй гэнэт л бүсчилсэн хөгжил гэж яригдаад батлагдсан.
Том тойргийн сул тал нь хатуу бүтэцтэй, хэдийнээ бэхэжсэн намуудад, танигдсан, мөнгөтэй нэр дэвшигчдэд ашигтай. Эсрэгээрээ залуучууд, эмэгтэйчүүд, шинэ хүмүүст ашиггүй.
Нэг ч бие даагч сонгогдсонгүй, мөн сонгогдсон гишүүд хэт их мөнгө шаардсан том тойрогтой сонгуулийг өөрчлөх шаардлагатай гээд дуугараад эхэлсэн байна.
–Олон нам эвсэлийн төлөөллөөс парламент бүрдлээ. Гишүүдийн тоо олон болохоос гадна нийгмийн төлөөллүүдийг жагсаалтаар оруулж ирсэн нь парламентын засаглалд хэрхэн нөлөөлөх бол?
-Тогтолцооны өөрчлөлт хийж, гишүүдийн тоог нэмснээс хойш анх удаа УИХ бүрэлдэж байна. Иймд үр дагавар нь яваандаа харагдах болов уу. Улс төр дэх хүчнүүд, судлаачид, иргэний нийгэм гээд нийтийн зөвшилцөлд хүрч байж тогтолцооны өөрчлөлт хийсэн тул эерэг хүлээлттэй байгаа.
Ганц жишээ дурдахад, тэргэнцэртэй нэр дэвшигч сонгогдсон нь л өөрөө хүртээмжтэй, тэгш хамруулсан нийгэм бүтээхэд маш эерэг үр дүн авчирна гэж бодож байна.
Салбар, мэргэжлийн төлөөллүүд хамгийн гол нь өөр өөрсдийн мэргэшсэн салбар, байнгын, дэд, түр хороонд орж, өөрсдийн салбарын хууль, бодлого, шийдвэрийг сайжруулах, бусад гишүүддээ нөлөөлөх, нийтэд таниулахад тустай байх болов уу. Дөнгөж гараан дээр байгаа УИХ-д амжилт хүсэхээс өөр хэлэх зүйл алга байна.
"ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР ДАВУУ ТАЛТАЙ Ч СӨРӨГ ЗҮЙЛС Ч ОЛОН БИЙ"
-Хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудал яригдаж байна. Тогтолцоог нь аваад үзвэл Засгийн газраа ялсан нам дангаараа байгуулах нь зүйтэй юу. Эсвэл хамтарч Засгийн газраа байгуулах нь зөв үү?
-Зарчмын хувьд Засгийн газраа дангаараа байгуулахад хангалттай хэмжээний суудлыг аль нэг нам авсан бол дангаараа засгийн газар байгуулах нь зүйтэй. Хяналт тэнцэл гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянахаас гадна, УИХ дахь хүчний харьцаа ч мөн чухал. 68 суудалтай МАН, 42 суудалтай АН хоёр эвслийн Засгийн газар байгууллаа гэж бодоход ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл ердөө 16 хан суудалтай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн хоёр ч парламентад Ардчилсан нам цөөн суудалтай байгаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд амаргүй байсан гэж өөрсдөө ярьж байгаа. Нөгөө талаар, геополитикийн нөхцөл байдал, гадаад орчин, цаг үеийн байдлаас том төслүүдээ хөдөлгөхийн тулд хоёр том нам хамтрахаас өөр аргагүй ч гэж ярьж байгаа хүмүүс бий. 2008 онд ийнхүү хамтраад улс төр тогтворжиж, эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж, хөрөнгө оруулагчдын итгэх итгэл нэмэгдсэн ч гэж тайлбарлах хүмүүс ч байна. Гэвч эргээд санахад тухайн үе сөрөг хүчингүй шахуу болсон байсан.
Хамтраад сайн зүйл рүү буюу мега төсөл хөдөлгөх, хөрөнгө оруулалтын орчин сайжруулж, гадны хөрөнгө оруулалт татахад ахиц дэвшил гаргая гэж бодоход, эсрэгээрээ ШХАБ руу элсч оръё, Үндсэн хуулиа дахиад өөрчилье гэдэг тийшээ хамтраад явбал яах билээ гэх асуудлыг бодож дэнслэх ёстой болов уу. Тиймээс миний хувьд эвслийн Засгийн газрын эсрэг байр суурьтай байгаа.
-Шинэ хүмүүсээр парламентыг бүрдүүлэх иргэдийн хүсэл нэг талаараа биеллээ оллоо. Шинэ гишүүдээс хүлээх иргэдийн хүлээлт, шаардлага юу байх шиг байна?
-Улстөрчдийн дийлэнх нь хүсэл биелүүлэгч шидтэн лугаа ярьж, аяглаж ирсэн. Шинэ, хуучин гэлтгүй УИХ-ын гишүүд иргэдийн итгэлийг авахын тулд дараах хэдэн зүйлсийг хийх шаардлагатай. Нэгд, алагчилдаггүй, дабль стандартгүй, дарга иргэн гэлтгүй хэн бүхэнд ижил тэгш үйлчилдэг эрх зүйн тэгш орчинг бий болгох. Хоёрт, иргэдийн нуруун дээр тулдаг элдэв долоон татвар, шимтгэлийг эргэн харж, аж ахуй, ажил төрөл эрхлэхэд ээлтэй, нээлттэй татварын орчинг бүрдүүлэх, Гуравт, нүүрсний, ЖДҮ-гийн, тариалангийн, боловсролын гээд өч төчнөөн сангийн шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох, зарим ТӨХК-ийг алхам алхмаар хувьд шилжүүлэх, татан буулгах гэх мэт.
УИХ-ын сонгуульд орсон бараг бүх л нам эвсэл авлигыг бууруулна, устгана, арилгана гэж сонгуульд оролцсон. Авлигыг арилгах, бууруулах хамгийн энгийн шийдэл бол авлига, хулгай нүүрлээд байгаа төрийн өмчит компани, төр оролцож захиран зарцуулдаг элдэв долоон санг л татан буулгах юм шүү дээ.
-Анх удаа хамгийн олон эмэгтэй гишүүдтэй парламент болж байна. Эмэгтэйчүүд парламентад олуулаа суух нь нийгмийн суурь асуудал шийдэгдэх үндэслэл болох уу?
-Өмнөх бүх УИХ-тай харьцуулахад л арай олон боловч, дөрвөн гишүүн тутмын нэг нь л эмэгтэй шүү дээ. Асуудлыг гагцхүү эрэгтэйчүүдийн нүдээр харж шийддэг байсан асуудал, бага ч болтугай эмэгтэйчүүдийн нүдээр харах өнцөг нэмэгдэнэ л гэсэн үг. Эрэгтэй хүний, эмэгтэй хүний хариуцан шийдэх асуудал гэж байхгүй шиг, эмэгтэй гишүүд л зөвхөн гэр бүлийн, нийгмийн, хүүхдийн асуудлуудыг шийдэх ёстой гэж хүлээх нь ямар ч утгагүй зүйл. Нийт иргэдийн хувьд ч бас түлхүү ийм хүлээлттэй байдаг нь өрөөсгөл зүйл.
-УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Батлан гаргаж байгаа хуулийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, тооцоо судалгаатай хандах тал дээр ямар дэвшил гарах бол?
-Хууль тогтоох, УИХ-аас гарч буй шийдвэр хүчин төгөлдөр болоход илүү олон кноп шаардлагатай болсон. Ингэхээр муу, сайн ч УИХ-аас гарч байгаа шийдвэр илүү легитим шинжтэй болох байх. Нөгөө талаас УИХ байнгын, дэд, тусгай, түр хороодыг хэрхэн зохион байгуулж, яаж оролцохоос УИХ-аас гарч буй шийдвэрийн үр дүн шалтгаална. УИХ арай мэргэжлийн ажилладаг болох тал руугаа өөрчлөлт хийгдсэн гэж итгэдэг. Үр дүнг нь бүгдээрээ ирэх дөрвөн жил харна даа.
-Гишүүдийг хариуцлагатай, мэргэжлийн болгох талаар иргэд ямар хяналт тавих боломж байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар энэ удаагийн сонгуулийн үр дүнд үндэслэн улс төрийн намуудад төрийн санхүүжилт олгохоор зохицуулсан. Миний тооцоолсноор улс төрийн 10 орчим нам шаардлага хангасан бөгөөд жил бүр тодорхой томьёоны дагуу төрийн санхүүжилт авна. Төрөөс санхүүжилт авсан намууд эргээд үйл ажиллагааны, болон санхүүгийн тайлангаа ил тод тайлагнах үүрэг хүлээнэ. Манайд бизнес эрхлэгчид ямар их татвар, санхүүгийн тайлан өгөх үүрэг хүлээдэг, тайлагнаагүй бол өндөр торгууль төлөх болдог билээ, нэг ёсондоо намууд ч мөн адил санхүүгийн тайлан өгдөг болж байгаа. Энэ нь улс төрийн намын төлөвшилд эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Иргэдийн хяналтын хувьд, иргэн бүр сонгосон гишүүнээ хараад, хянаад, байнга асуулга тавиад, хандаад явах боломж дэлхийн хаана ч хангалттай байдаггүй. Тиймээс watchdog буюу бодлогод хяналт тавьдаг ТББ-уудаар дамжуулан парламент, Засгийн газрыг хянадаг механизм түгээмэл байна. Хэн бүхэн өдөр тутмын ажил, ажил амьдралын тэнцвэр, гээд хүний цаг их үнэтэй болсон үе.
Нөгөө талаас иргэдийн өмнөөс хяналт тавиад явж байгаа ТББ-уудад санхүүгийн асуудал их байдаг. Яг энд санхүүгийн механизмыг нь шийдээд, хууль, бодлого болгоод, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураар эдгээр ТББ-уудыг дэмждэг дадалтай болоод иргэний орон зайг нэмэгдүүлж чадвал хяналтын нэг чухал механизм юм. Энэ чиглэлд явж байгаа гэж харж байна.
Холбоотой мэдээ