УИХ анх удаа 126 хүнтэй бүрэлдлээ. Үүний 32 нь эмэгтэй, 96 нь эрэгтэй. Хувьчлаад үзвэл 25 хувь нь эмэгтэй, 75 нь эрэгтэй хүйсийн төлөөлөл юм. Хүн амын 50 хувийг бүрдүүлдэг хүйсийн хувьд 25 хувь тийм ч хангалттай биш ч, өмнөх он жилүүдийн дэргэд өссөн гэдэг нь сайн тал. Гэхдээ энэ тийм ч сайндаа өссөн зүйл биш л дээ. Сонгуулийн үйл явц, улс төрийн намуудын дэмжлэг, сонгогчдын боловсрол нэмэгдсэндээ төлөөллийг хангана гээд ингээд нэмчихсэн ч юм биш. Хууль эрх зүйн орчныг нь өөрчилж, төлөөллийн парламентыг бий болгохын чухлыг таниулж, бас энэ чиглэлд итгэл үнэмшилтэй улстөрчдийн манлайлал чухал байсан учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувиас 25 хувьд хүрлээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишиг рүү ирлээ гэсэн үг.
Бүр тодорхой хэлбэл, жагсаалтын 48 хүний 50 хувь нь эмэгтэй, 50 хувь нь эрэгтэй байх хуулийн заалт манайхыг дэлхийн өмнө нүүр улайхааргүй байдалд хүргэсэн. Жагсаалтын хүйсийн 1:1 заалт чухамдаа УИХ-ыг төлөөллийн байгууллагаараа үлдэх боломжийг аварч үлдэв. Түүнээс биш тойрогт эрчүүдтэй ана мана өрсөлдөж зүтгэсэн эмэгтэйчүүдэд тойрог хатуу хэвээрээ байсныг бүгд харав. Хэзээ хэзээнээс илүү чанга байлаа, томсгосон тойрог.
Төлөөллийн байгууллагыг төлөөллийн байлгах хууль эрх зүйн орчныг бий болгож хамгаалахын тулд бас хүйсийн тэгш эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, том зургаараа асуудлаа мэддэг хүн байх хэрэгтэй байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд энэ асуудлыг яриад явахад тэдний л асуудал гэж ойлгох гээд байдаг учраас эсрэг хүйсний хүмүүсийн манлайлал маш чухал байдаг.
Сонгуулийн тухай хуулинд жендэрийн тэгш байдлыг хангасан зүйл заалт оруулж ирэхэд манлайлж ажилласан хэд хэдэн хүмүүс байсныг дурдахаас аргагүй. Тэдний улс төрийн замнал ямар алдаа оноотой байх нэг хэрэг, гэхдээ хийсэн зөв алхам шийдвэрүүдийг бас хэлж байх нь зайлшгүй чухал билээ. Ж.Сүхбаатар гишүүн Жендэрийн лобби бүлгийн ахлагч байсны хувьд, ер нь парламентад ажиллаж байх хугацаандаа дандаа ийм ажлыг ахалж хариуцдаг нэг тийм хувь тохиолтой нэгэн байсан. Эрчүүд давамгайлсан парламент квот дээр өөрсдийнх нь тооноос хасах гээд байна гээд бүгд шахам эсэргүүцэж байхад хуульч хүний хатуу зангаараа гүрийсээр байгаад хамгаалж байсан. Өмнө нь 20 хувийн квотыг, дараагийн 30 хувийн квот түүний үед батлагдаж байсан нь баримт болж үлдэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрээр “Ирж яваа цагийн дууг эрчүүд ганцаараа дуулахгүй ээ” гэж олон улсын хурлын индэр дээрээс ангийнхаа нөхдөд хандаж, хатуу дуугарч чадсан. УИХ-ын танхимд байгаа эрчүүд хүчээр шахам 40 хувийн квотыг унагаж, 30 хангалттай шүү дээ гэж байхад 2028 оны сонгуульд 40 хувь гэсэн заалтыг тусгуулахад хүчин чармайлт гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцааж байсан нь түүхэнд тэмдэглэгдэнэ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн парламент дахь хувь хэмжээ 25 хувь болтол өсөх шалтгаан болсон жагсаалтыг 1:1 харьцаагаар гаргах хуулийн заалтын автор. Намын дарга дээрээ орж зөвшилцөөд Засгийн газрын хуралдааны дараа энэ шийдвэрээ зарлахад олон хүн шоконд орж байлаа. 2:1 ядаж болгохсон гэж байсан үе шүү дээ. Хэрэв энэ хуулийн заалт орж, улстөрчийнхөө хувьд манлайлал үзүүлж, улс төрийн шийдвэр гаргаагүй бол эмэгтэйчүүдийн төлөөлөл ингэж орж ирэх боломж байгаагүй. Тиймээс хувь ултөрчийн итгэл үнэмшил яван явсаар том зүйлийн суурийг тавьдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
2012 онд жагсаалтад намууд өөрсдөө нэрсээ гаргадаг байхад АН-ын жагсаалтын 7-д Р.Бурмаа, 9-т М.Батчимэг агсны нэрийг зоож байсан бол МАН бүр 10-т Д.Сарангэрэлийг бичиж байлаа. Түүнээс өмнө дандаа эрэгтэй дарга нарын нэр бичигддэг байсан. Хэрэв өнөө жил эрэгтэй, эмэгтэйг сөөлжүүлэн бичих энэ хуулийн заалт байгаагүй бол залуу үеийн төлөөлөл С.Цэнгүүн, Австрали, АНУ-д монгол эмэгтэйчүүд ийм гэдгийг харуулж ирсэн инженер М.Энхцэцэг, эмч Д.Ганмаа, казах эмэгтэйчүүдийн төлөөлөл С.Замира нар төлөөллийн энэ байгууллагад орж ирэх боломжгүй байлаа. Жагсаалтаар 24 эмэгтэй орж ирж чадахгүй байв. Тиймээс зөв бодлого шийдвэр гаргахад хувь улстөрчийн итгэл үнэмшил, хүний эрхийн мэдрэмжүүд маш чухал байдаг.
Одоо энэ парламентад Д.Амарбаясгалан нь өөрөө орж ирлээ. Өнөө хоёр нь бол алга. Тэднээс өөр ийм чадамжтай гишүүд хэр олон байгаа бол доо. Одоо ирэх сонгуульд хүйсийн квот 40 хувь болох учиртай. Үүнийг баталгаажуулж бүр нэмэхийн тулд эмэгтэй гишүүд маань ч мэрийж, бусад эрчүүд ч дэмнэж, Д.Амарбаясгалан өөрөө манлайлж манаж үлдэх хэрэгцээ байна даа.