АЭХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

АЭХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?

Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­бооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаа албан тушаалаа өгөх нь гэсэн мессеж өнгөрсөн зуны турш “нисэн” өндөр авч чадалгүй, дарагдсаар байсан ч өчигдрөөс батлагдаж, Ардчилсан намын гишүүд өөрийн талын хүнээ гаргаж ирэхээр хүч үзэж эхэлжээ. Зарим нэг хэвлэлд бичсэнээр Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­боонд харьяалагддаг эмэгтэй гишүүд дээрх албыг авахын төлөө дотроо ширүүхэн тэмцэл өрнүүлж буй тухай дурдаж байлаа. Харин цаг хугацаа тулахад энэхүү тэмцэлд Ард­чилсан намын эрэгтэй гишүүд эмэгтэйчүүдээсээ илүүтэй хүч гарган, өөрсдийн хүнээ гаргахаар өчигдрийн турш “тулалдсан” байх юм. Тэдний тэргүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байгаа бөгөөд тэрбээр С.Одонтуяаг зүтгүүлж бай­гаа аж. Суудлаа шилжүүлэхээр өр­гөд­лөө зэхчихээд байгаа одоогийн ерөн­хийлөгч Б.Дэлгэрмаа нь С.Одон­туяатай үй зайгүй найзууд гэх яриа бий. Мөн Б.Дэлгэрмаа нь “Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн албыг долоон жил хашсан. Одоо залуу эрчтэй хүнийг шинээр томилох цаг нь болсон гэж үзэж, өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан” гэж хэлээд байгаа. Үүгээр бол өнгөрсөн 2008 оны сонгуульд нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хамт нэг тойрогт өрсөлдөөд “унаж” байсан С.Одонтуяа сонгогдох магадлал өндөртэй бай­гаа юм. Түүнийг тус холбооны эмэ­г­тэйчүүд дотроо хүрээлэл сайтай гэх яриа ч бас дуулддаг. Гэхдээ түүнтэй энэ зэрэгцэн өрсөлдөх хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба хашиж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар түүнээсээ чөлөөлөгдсөн Ц.Оюунгэрэл юм. Эзэмшсэн мэргэ­жил нь эдийн засагч,  бас хүний эрхийн чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан түүнд Ард­чилсан намын гишүүд дотор дэм­жигчид олон гэнэ. Түүнчлэн нам дотроо нөлөө бүхий лидер гэж үнэ­лэгд­дэг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын дэмжлэгийг авч байгаа тул С.Одонтуяагаас илүү оноо цуглуулан гарч ирж, Ард­чил­сан эмэг­тэйчүүдийн холбооны ерөн­хий­лөгчийн суудалд сууж магадгүй гэх таамаглал ч эрчээ авч буй билээ.  
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куландагийн нэр ч энэхүү холбооны ерөнхийлөгчид сонгогдох нэр дотор цохиж явна. Гэхдээ түүний хувьд дээрх хоёр бүсгүйтэй харьцуулахад ар талынх  нь хүч сул гэж дуулдах. Харин “Туул ротари” клубийн ерөнхийлөгчөөр ажилладаг Б.Ургамалцэцэгийг Алтан гадасынхан буюу Монгол Улсын Тэр­гүүн шадар сайд Н.Алтанхуягийн та­лын­хан сой­жээ. Хэдийгээр тэр­бээр олон хүнд танил болоогүй ч зүрхний гажигтай бяцхан хүүх­дүүдийг БНСУ-д  хагалгаанд оруулж, эрүүл са­руул болгоход чамгүй их зүйл хийсэн гэд­­­гээр нь тодорхой хүрээ­нийхэн бол андахгүй.
Одоо харин эдгээр бүсгүйчүүдээс  хэн нь холбооныхоо гишүүдээс хамгийн их оноо цуглуулж ба­рианд орж ирэхийг хоёр өдөр хуралдах Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал эцэслэн шийдэх учиртай. Тус хурал өнөөдөр эхэлж, холбооныхоо үйл ажиллагаа, бүтэц зохион байгуу­лалтыг ярилцахын зэрэгцээ энэхүү томилгоог эцэслэн шийдэх учиртай. Ингэснээр Ард­чилсан эмэгтэй­чүү­дийн холбоог долоон жил удирдсан хатаг­тай Б.Дэл­гэр­маа чөлөөлөгдөнө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж