Евро 2024 тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлсэн.
АНГЛИ 2 – 1 СЛОВАК
Хүчирхэг ч нэг л учраа олохгүй яваа Английн шигшээ баг ямартай ч Словакийг буулган авлаа. Ингэхдээ бүр хүндхэн байдлаас хожив. Тоглолтын эхний гоолыг Словакаас Иван Шранц оруулжээ. Ийнхүү хожигдож эхэлсэн Английн шигшээ довтолгоогоо улам эрчимжүүлж, тооны харьцааг тэнцүүлэх гэж хичээсэн. Гэвч учраа ололгүй удсан. Словакт ч тооны харьцааг улам холдуулах боломжууд гарч ирч байлаа.
Тоглолтын гол үйл явдал 90+5 дахь минутад тохиосон. Шүүгч нэмэлтээр зургаан минутыг сунгасан бөгөөд сүүлийн хоромд Жуд Беллинхем гайхалтай гоолоор тооны харьцааг тэнцүүлж, ард түмнээ баярлуулав. Словакийн шигшээ хамгаалалт дээрээ ганц л удаа гэнэ алдаж, хайхрамжгүй байсан нь гоолын үнэтэй байжээ.
Улмаар үндсэн цаг 1-1 гэсэн харьцаатай өндөрлөж, дахин 30 минут тоглохоор болов. Нэмэлт цагийн эхлэлд шүүмжлэлд өртөөд байсан Харри Кэйн гоолдож, Английн шигшээ баг дараагийн шатанд шалгарах болзлоо хангажээ.
Тоглолтын дараа Жуд Беллинхем "Гэртээ харихад, ард түмнийхээ итгэлийг алдахад 30 секунд л дутуу байлаа. Гэхдээ нэг л цохилт, бүх зүйл гайхалтай. Европын аваргаас хасагдахад 20 эсвэл 30 секунд л дутуу байлаа ш дээ. Одоо бол сэтгэл санаа үнэхээр өөр байна. Ирэх тоглолтод энэ бүхэн хэрхэн нөлөөлөхийг хамтдаа харъя. Гайхалтай мөч тохиолоо. Бидний урт удаан тэмцээн хүлээж байна. Ирэх хоёр долоо хоногт энэ бүхэн хэрхэн нөлөөлснийг харъя" гэжээ.
Словакийн дасгалжуулагч Франческо Калзона "Би сэтгэлээр унасан гэхээсээ илүүтэйгээр бахархал төрж байна. Учир нь бид тэмцээний фаворит топ багийн эсрэг гайхалтай тоглолоо. Яг л эн тэнцүү өрсөлдлөө. Бид жаахан л сиймхий өгчихлөө. Харамсалтай нь эцсийн мөчид энэ бүхэн тохиолоо. Нэмэлт цагт бид тэдний хагаст сайн тоглосон гэж бодож байна Бид тэднийг хүчээр хамгаалуулж, дахин хамгаалагч гаргах байдалд орууллаа" гэв.
ИСПАНИ 4 – 1 ГҮРЖ
Испанийн шигшээ баг ядах юмгүй Гүржийг буулган авлаа. Анхны Евродоо оролцож, анхны оноогоо, анхны хожлоо авч, анхны хасагдах шатандаа өрсөлдсөн Гүржийн шигшээ баг өнгөрсөн хугацаанд үнэхээр магтмаар байсан.
Тоглолтын тухайд Гүрж эхэлж тэргүүлсэн. Испанийн төвийн хамгаалагч Робин Ле Норманд өөрийн хаалгандаа гоол оруулчихсан хэрэг. Гэхдээ испаничууд Англи шиг хариуг нь барих гэж удсангүй. Нэгдүгээр үеийн төгсгөлд Родри тооны харьцааг тэнцүүлэв.
Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуентед хоёр шидтэн бий. Тодруулбал, Ламин Ямаль болон Нико Уиллиамс гэх хоёр залуу хүү энэ Еврод "галзуурч" байна. Тэднийг зогсоох хамгаалалт одоохондоо алга. Өөрсдийн жигүүртээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа хоёр.
Хоёрдугаар хагаст Испаниас дахин гурван гоол оруулж, Гүржийг 4-1 гэсэн харьцаатай буулган авчээ. Гоолуудыг Фабиан Руиз, өнөөх Нико Уиллиамс, Дани Олмо нар оруулсан аж.
Тоглолтын дараа Луис де ла Фуенте "Эхний хагасын завсарлагаанаар би энэ тэмцээний турш ярьж байгаа зүйлээ л ярьсан. Тайван байж, санаа зовохгүй, яарахгүй шийдвэр гарга. Би тэднийг довтлох тохиромжтой цагийг хүлээж, тоглолтыг тайван байлгахыг хүссэн. Гүрж тэргүүлж эхэлсний дараа би багийнхаа зарим тамирчдыг толгой гудайхыг харсан. Би тэднийг толгойгоо өргөөсэй гэж хүссэн" гэжээ.
Гүржийн ахлагч Гурам Кашиа "Бидний хувьд гайхамшигтай аялал байлаа. Хүртсэн амжилтаараа үнэхээр бахархаж байна. Өнөөдөр бид хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Гэхдээ эх орноо төлөөлсөндөө баяртай байна" гэлээ.
Холбоотой мэдээ