Ардчилсан намынхан “үүрээ эвдэж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан “үүрээ эвдэж” эхлэв

Жоомоо устгах гээд гэрээ шатаах вий гэж нэг үг бий.
Хаа сайгүй хавтгайраад байсан найр наадам дуусч, намрын ажил ч эхлэв. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хоёр том нам хөл хөдөлгөөнд орж, өөр өөрийн өнгө төрхөөр хол ойрын зайнд гүйж эхэллээ. МАХН-ын дарга нар намаа шинэчилж, нэр билгэдлээ өөрчлөхөөр намынхаа бага хурлыг ч зарлачихлаа. Бага хурлаар энэ асуудал нь дэмжигдвэл намынхаа их хурлыг товлох юм гэсэн. Өнгөрсөн хавраас эхлэн орон нутгаар явж, “Нийгмийн шинэчлэлийн аян” гээчийг өрнүүлсэн МАХН-ын их өөрчлөлтийн тайлал нь энэ бололтой. Гэвч нэг талаас МАХН шиг хуучинсаг, өөрчлөлтөд дасаагүй намын тухайд энэ зэргийг өөрчлөлтийг чамлах арга бас байхгүй. Харин Ардчилсан намын хувьд арай л өөр төөрөг тавилан тосоод байх шиг.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард сүр дуулиантайгаар байгуулагдсанаа зарлаж байсан Ардчилсан хүчний холбоо гэгч ТББ-ын статустай улс төрийн байгууллага наадмын дараахнаас үйл ажиллагаагаа идэвхижүүлж, орон нутагт чуулга уулзалтуудаа хийж эхлээд байгаа. Одоо баруун бүсийнх л үлдээд байгаа гэсэн. Анх байгуулагдахдаа МАХН-ын нэг адил “нийгмийн шинэчлэл” ярьж эхэлсэн АХХ-ныхон саяхнаас Ардчилсан намын шинэчлэлийн тухай яриад эхлэв. Ардчилсан хүчний холбоог ТББ биш, улс төрийн байгууллага гэсний учир нь уг холбоог үүсгэн байгуулагчид нь Ардчилсан намын туган доор УИХ-д суусан, хорь шахам жил энэ намын тогоонд чанагдаж яваа нэр төртэй эрхмүүд байдаг юм. Тэд саяхнаас намынхаа даргатай урд хойноо орон аймаг, орон нутгаар давхилдаж, намын дарга нь намынхаа “анхан шатыг сонсож”, харин холбооныхон намынхаа “толгойг түншиж” явна.

Холбооныхон Ардчилсан намын удирдлага ажлаа хийхээ больж, намын эрх ашгийг засгийн эрх мэдлээр арилжсаны улмаас намын жирийн гишүүд, иргэд хэрхэн хохирч байгаа тухай, хамтарсан Засгийн газар Оюутолгойн ордыг луйвардаж, “Айвенхоу майнз”-д сул хаяж өгөөд ард түмнийг өрөнд унагасан тухай гэхчлэн ерээд оны сүүлээр моод болж байсан Ш.Отгонбилэгийн “Зууны луйвар”-тай дүйхүйц сценари бэлтгээд хөдөөгүүр яваа юм гэнэ. Хэвлэлийнхний зуныг зусан анасан “Ардчилсан нам хоёр хуваагдлаа” гэдэг төлөг таамаг үнэн болох төлөвтэй. Учир нь тус холбооны дэд тэргүүний сонгуультай УИХ-ын гишүүн хүн “Оюутолгойн гэрээг луйвраар байгуулсан нөхөдтэй хариуцлага тооцохоос өөр аргагүй” гэж барин тавин ярьж байгааг ганц хүний байр суурь гэж үзэхийн аргагүй. Гэтэл тэр гэрээг байгуулсан гурван сайдын хоёр нь намынх нь нөхөд байдаг юм. Тэгээд ч тэр гайтай хөөтэй гэрээг нь УИХ-ын гишүүд өөрсдөө гар өргөөд баталчихсан хэрэг.

Арваадхан жилийн өмнөх сургамж бий. 1996-2000 онд Ардчилсан хүчин ганц удаа эрх барихдаа дөрвөн Засгийн газар сольж, гурвыг нь өөрсдийн гараар огцруулж байлаа. Тэр үед цөөнх байсан МАХН олонхийн бүлгийн гомдогсодтой хүч хавсарч, С.Зоригийн хэргээр шалтаглан Засгийн газруудаар нь туг тахисны хүчинд Ардчилсан хүчний нэр хүнд шалан дээр унаж, 2000 оны сонгуулиар МАХН дангаараа 72 суудал авч байлаа. Түүгээр ч зогсохгүй Ардчилсан хүчнээс сонгогдсон УИХ-ын гурван гишүүн хилс хэргээр шоронгийн хаалга татаж, нэг нь амиа алдсан. Үүгээр эвдрэл, хагарлын хар хорыг арьс махаараа мэдэрсэн МҮАН, МСДН хоёр сонгуулиас хойш зургаан сарын дараа намаа нэгтгэж, ардчиллын талыг баримтлагч гурван намыг эгнээндээ нэгтгэн одоогийн Ардчилсан намыг байгуулсан түүхтэй.

Ардчилсан хүчний намууд нийлж нягтарсны хүчинд 2004 оны сонгуулиар УИХ олонхигүй болж, ижил тэнцүү суудалтай хоёр нам Эвслийн Засгийн газар байгуулсан ч энэ эвсэл удаан үргэлжлээгүй. Үнэмлэхүй эрх мэдлээ алдсандаа хорссон МАХН-ын бүлэг Засгийн газарт итгэл үзүүлэхээс татгалзаж, огцруулах саналаа УИХ-д оруулахад “Эх орон ардчилал” эвсэлд багтаж байсан “Эрэл”-ийн намын долоо, Ардчилсан намын дөрвөн гишүүн кноп даран Засгийн газраа унагаад, хариуд нь сайдын суудлаар шагнуулсан.

Гэвч тэдний улс төрийн карьер түүгээр дууссан билээ. Ардчилсан намын чадавхи ч тэр хэрээр тарамдсан. Ингэж Ардчилсан хүчин дотоодынхоо самуунаас болж хамгийн том дайсандаа хоёр удаа хөмрүүлсэн билээ. “Бурхан гурван тоонд дуртай” гэдэг. Тэртэй тэргүй УИХ-д олонхий байгаа МАХН-ын хувьд Засгийн газраа дангаараа байгуулах, ирэх сонгуульд засгийн эрх мэдлээр далайлган сүрийг үзүүлэх, өнгөрсөн хоёр жилд хийсэн бүтээсэн бүхнийг өөрсдөө өмчлөн орох нь ашигтай болохоор Ардчилсан намыг хэдийд ч, юугаар ч шалтаглан танхимаасаа шахаж чадна. Харин Ардчилсан намын хувьд тийм биш. Ард түмний хувьд ч сонирхолтой сэдэв биш болсон.

Сонирхолтой нь яг одоо Ардчилсан намыг шинэчлэх гээд байгаа Ардчилсан хүчний холбоог анхлан байгуулсан, одоо төлөөлөөд явж байгаа УИХ-ын таван гишүүн бүгд энэ намд хорин жил зүтгэсэн хуучин кадрууд, Ардчилсан намын өнгөрсөн одоо, алдаа оноог хамтад нь үүрэлцэх хувьтай хүмүүс. Таван нохойг тууж болдоггүй, тавин настыг сургаж болдоггүй гэж нэг муухай үг бий. Нам байтугай хувь хүн ч үргэлж шинэчлэгдэж хөгжиж байдаг л даа.

Гэхдээ дээрх нөхдүүдийн яриад байгаа шинэчлэлийн агуулга арай л ойр ойрхон өөрчлөгдөөд, анхныхаасаа хазайгаад байх шиг. Магадгүй хамтарсан Засгийн газрыг татаж унагаад шинээр Засгийн газар байгуулах боллоо гэхэд хамгийн түрүүнд гараа өргөөд гүйж байх хүн ч тэдний дотор мэр сэр бий. Тэгэхээр хоёр намын хэсэг нөхөд, хоёрдугаар ээлжийг хоолонд оруулахын төлөөх тэмцэл л намууд дотор яваад байх шиг. Яг үнэндээ бол нэгийг нь нөгөөгөөр солисны ач тус гэж лав жирийн иргэдэд наалдахгүй. Үсрээд Засгийн газарт багтсан 15-16 сайд л хоолтойгоо залгана биз.

Тиймээс хэрвээ Ардчилсан намыг шинэчлэх сонирхол хэн нэгэнд, хэсэг бүлэгт байдаг бол хорин жил туг барьсан хуучин кадруудаасаа илүүтэйгээр хоёр жил энэ нам дотор тэмцэж яваа шинэ үеэ сонссон нь дээр байх. Албан тушаалын төлөө уралдаж байгаа фракци бүлгүүдийнхээ оронд ардчилал, хүний эрх, хувь хүний эрх чөлөө, чөлөөт сонголтын тухай ярьдаг бичдэг, түүнийг хамгаалдаг шинэ үеийн залуучуудынхаа орон зайг нам дотроо тэлэх, түүгээрээ нүүр хийх цаг нь болсон мэт. Тэгэхгүй бол Ардчилсан намын түүх одоогийн тавьтангуудтайгаа хамт дуусч магадгүй нь. Хорин жилийн өмнө амттай байсан ардчилсан хувьсгалын домог одоо сургуулийн хүүхдүүдийн ширээн дээр тавьдаг үдийн хоолноос нэг их үнэд хүрэхээргүй болсон гэдгийг санах хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй гэдэг энэ.

Б.СЭМҮҮН      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж