Шинэчлэлийн нэр дэвшигч Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн олон санал авсан бөгөөд ирэх долоо хоногт хоёр дахь шатанд консерватив хатуу үзэлтэй өрсөлдөх болно.
Баасан гаригт болсон сонгуулиар дөрвөн нэр дэвшигчийн хэн нь ч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй. Тиймээс долдугаар сарын 5-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах болжээ. Энэ сонгууль нь 1979 онд Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаас хойшхи хамгийн бага ирцтэй ерөнхийлөгчийн сонгууль болов.
Сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мохсен Эсламигийн хэлснээр, хамгийн олон санал авсан Шинэчлэлийн хууль тогтоогч Масуд Пезешкян, хэт консерватив цөмийн хэлэлцээрийн төлөөлөгч асан Саид Жалили нар хоёр дахь шатанд өрсөлдөнө.
Пезешкян 42.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Жалили 38.6 хувийн саналаар удааллаа гэж төрийн мэдээллийн “IRNA” агентлаг мэдээлсэн. Санал өгөх эрхтэй 60 сая хүнээс 24 сая нь саналаа өгснөөр сонгуулийн ирц 40 хувьтай байлаа. Тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчидийн сонгуулийн сурталчилгаа дахин эхлэхээс өмнө анхан шатны сонгуулийн үр дүнг сонгууль, хууль тогтоомжийг хянах үүрэг бүхий 12 гишүүнээс бүрдсэн Хамгаалах зөвлөл хянана.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан болон бусад албаны хүмүүс тавдугаар сарын 19-нд тус улсын баруун хойд хэсэгт нисдэг тэрэгний ослоор нас барсны дараа ээлжит бус сонгууль болсон юм.
Сүүлийн жилүүдэд парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц бага байгаа нь улсын хэмжээнд иргэд сэтгэл дундуур байгааг харуулав. Эрх баригчид сонгогчдын өндөр оролцоог сайшааж байгаа хэдий ч засгийн газар 1979 онд хууль тогтоох сонгуультай харьцуулахад ирц хамаагүй муудсан аж.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Баасан гаригийн өглөө сонгуульд саналаа өгсөн. Дараа нь иранчуудыг сонгуулийн санал хураалтад очиж саналаа өгөхийг уриалав. Тэрбээр "Ард түмний оролцоо бол төрийн мөн чанарын нэг хэсэг бөгөөд Исламын Бүгд Найрамдах Улс оршин тогтнох, дэлхий дахинд эзлэх байр суурь нь ард түмний оролцоотой холбоотой" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ