Архигүй өдрийн нийслэлийн шөнө | News.MN

Архигүй өдрийн нийслэлийн шөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Архигүй өдрийн нийслэлийн шөнө

Зуны гурван сар  хөл хөдөлгөөн бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын их хөл хөдөлгөөнд дарагдлаа. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр  есдүгээр сарын 1-нд хүүхэд багачууд, оюутан сурагчид сургууль цэцэрлэгийн зүг яаран, ангийн нөхөдтэйгөө уулзахаар сэтгэл нь догдолно. Гэм нь оюутан залуус баярын өдрөө дарвиж, наргиж цэнгэн эцэстээ  зодоон цохион хийн  эрүүлжүүлэх байранд  “морилох” нь цөөнгүй. Ямар сайндаа л нийслэлчүүд “Есдүгээр сарын эхний хэдэн өдөр хотоор нэг залуус хөлхөлдөөд, баар, диско клуб хөл гишгих зайгүй болдог” гэлцэх вэ дээ.
Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн сар бүрийн эхний өдөр нийслэл хотод  согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тиймээс энэ есдүгээр сарын 1-ний өдөр элдэв зөрчил, хэрэг цөөн байх гэж найдахаар байв. Гэхдээ л есдүгээр сарын 1-ний үдэш наргин зугаацагсдын хөл тасарсангүй ээ. Ингээд энэ өдрийн цухас зураглалыг та бүхэнд хүргэж байна.

22:00 Баар дүүрэн оюутан сурагчид

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянцээл худалдааны төвийн орчим. Хаанаас гараад ирэв гэмээр залуус бөөн бөөнөөрөө хөлхөлдөж  баар, караоке, зочид буудлын үүд сахин сууна. Энд чамгүй олон үйлчилгээний газрууд хаяа хаяагаа дэрлэн байрладаг.  Чих дөжирмөөр чанга хөгжим баар болгоноос  сонсогдох.
 “WHITE NIGHT” баарны бүх суудал нь дүүрчээ. Бүжгийн талбайд бүжиглэж байгаа залуусын олонх нь 16-22 насныхан. Харин тэдний ширээнээ жүүс, ундаа л харагдах нь бас ч гэж сайшаалтай санагдлаа. Архигүй өдөр гэдгийг нийслэлийнхэн андахгүй сайн мэддэг болоод согтуу хөлчүү хүмүүс бага байгаа гэж цагдаагийнхан онцолсон юм. Яг энэ хэсэгт Хөдөлгөөнт эргүүлийн  нэгдүгээр  хэлтсийн алба хаагч цагдаагийн дэслэгч Г.Цагаанхүү, ахлагч Т.Мөнхбилэг нар эргүүл хийж байлаа.
Гэсэн ч аливаа баярыг архигүй өнгөрүүлж сураагүй зангаа яаж тавих вэ. Согтуу хөлчүү охид хөвгүүд, ахимаг насныхан хэсэг бүлгээрээ, ганц хоёроороо энд тэнд үзэгдэнэ. “Соёо” баарны гадаа 18-20 орчим насны охид зодолдон нэг нэгийгээ элдэв үгээр доромжлон, дайрч давшилж байгаатай таарав. Тэд харваас халамцуухан бололтой. Мэдээж хэрэг, цагдаагийнхныг хараад явахын түүс болж, хаашаа ч юм бэ, холдож одов.

23:30  Гуйлгачин жаалуудын шөнийн “ажил”

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянцээл худалдааны төвийн өмнөх талбайд  гурван хүү өмнөө хоосон хайрцаг тавин гуйлга гуйж сууна. Тэд төрсөн ах дүүс Ж.Мөнхбат зургаан настай, харин ах нар нь 11, 13 настай гэнэ. Хоёр ах нь хаашаа ч юм бэ явах зуур  зургаан настай жаалхүү  хойгуур урдуур нь жишим ч үгүй алхах хүмүүсийг “Мөнгө өгөөч” гэж царайчлан зогсов.  Ж.Мөнхбат хүүгийн гэр Дарь-Эхэд байдаг. Хүүхэд бүр гоёлын хувцсаа өмсөн сургууль, цэцэрлэгээ зорьсон энэ өдөр уг нь нэгдүгээр ангийн босго алхаж байх ёстой хүү гуйлга гуйж зогсоно. Ж.Мөнхбат аав, ээж, эгч бас гурван ахтайгаа амьдардаг. Эгчид нь иргэний үнэмлэх байхгүй учир ажилд авахгүй байгаа. Ээж аав хоёр нь ч мөн ажилгүй гэнэ. Мөнгөтэй болбол гоё амттай юм, гурил будаа зөндөөнийг авна гэж ярьж байгаа энэ хүү цүнх байхгүй учир сургуульд явж чадаагүй гэж байв. Түүнтэй хэсэг зуур ярилцлаа. 

-Гадаа сэрүүхэн байна, даарч байна уу, энд хэдэн цаг хүртэл зогсдог вэ?
-Гайгүй даарахгүй байна. Өвөл  хүйтэн болохоор их даардаг.  Бид гурав орой 09 цаг гэж ирээд шөнийн 03.00 цаг хүртэл зогсдог. Зарим өдөр гайгүй мөнгө олбол гэр рүүгээ  эрт харьдаг юм. Хоёр ахтайгаа өглөө  есөн цаг гээд гэрээсээ гарсан. Одоо хоёр ахыг ирэхээр гэр рүүгээ явна. Тэгэхгүй бол шөнө гэр лүү харих замдаа  олон нохой хуцаад аймаар байдаг юм. Би тэрнээс л их айдаг. Зарим өдөр айдаггүй л дээ. Хоёр ах нохойг чулуугаар шидээд хөөдөг юм.

-Та гурав өдөрт хэдэн төг­рөг олох вэ.  Мөнгөө юунд зарцуудаг вэ?
-Өдөрт 5000 төгрөг олно. Заримдаа үүнээс бага олох тохиолдол зөндөө. Олсон мөнгөөрөө жоохон  гурил, будаа, мах авдаг. Хааяа амттай юм авч иддэг. Даанч хоёр ах загнаад байдаг юм. Хэрэв амттай юм худалдаж авбал хоол идэж чадахгүй.

-Та нарыг  шөнө явахаар ээж, аав тань загнахгүй юу?
-Нэг орой  ээж “Та нар битгий дэмий тэнээд бай” гээд загнаад гадуур явуулаагүй. Би тэр өдөр маш их өлссөн.

-Харин аав нь?
-Аав их мөнгө олсон өдөр загнахгүй л дээ.

00:10 “Архигүй” өдрийн архичид

Шөнийн хотын амар тайвныг хамгаалагч хөдөлгөөнт эргүүлийнхэн бидний энэ шөнийн сурвалжлагад бас туслалцлаа. Тэдний бүтэн шөнийн ажлыг зураглахад хэцүү ч зах зухаас нь бас хамтдаа танилцлаа. Хөдөлгөөнт эргүүлийнхэнд ирсэн “Айлд  хулгай орлоо” гэсэн дуудлагаар очиход нэг согтуу нөхөр хоёр айлын гал хамгаалагчийг хулгайлчихаж. Үйлдэл дээр нь баривчилсан согтуу “нөхөр”-ийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлстийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөв. Архи худалдаалахгүй гэсэн энэ өдөр тус  эрүүлжүүлэх байранд  шөнийн 00.30 цагийн байдлаар 25 хүн хүлээж аваад байсан нь жирийн өдрүүдтэй бараг л адил байна гэж алба хаагчид хэлж байна. Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүстэй уулзахаар дотогш орвол нэвширч исэлдсэн үнэр хамар цоргиж, амьсгалахад ч бэрх байлаа. Тэднээс өнөөдөр хаанаас архи худалдан авч, хаана уусан талаар асуухад олонх нь хариулахаас татгалзаж, зарим нь Нарантуул захаас, гэрт архи байсан, хувь хүнээс найрка авсан, гэр хорооллын дэлгүүрээс авсан  гэх мэтээр хариулж байна.

01.45 Үдшийн эрвээхэй үүрэндээ

МУБИС-аас Сүхбаатарын талбай орчим. Энэ хавиар биеэ үнэлэгчид эргэлддэгийг хэн хүнгүй мэдэх. Тоодгор банзал, өндөр өсгийтэй туфль өмссөн 18-30 насны хэд хэдэн эмэгтэй Улаанбаатар зочид буудлын замын баруун талд бөөгнөрөн зогсоно.  Үүгээр эргэлдэх залуус тэдний зүг харц шидэж, зарим нь “Яриа байна уу” хэмээн асууж байгаа харагдана. Эмэгтэйчүүд ч нүүрэмгий гэгч нь залуус руу  очин “Яриа байна шүү дээ. Та нар хэдүүлээ явж байгаа юм. Манай хоёр найз  байгаа” гэхчлэн цааш “ажлын хөлс”-өө ярилцах нь сонсогдоно. Цагдаагийнхныг харахаараа эвэртэй туулай үзсэн мэт арилж өгдөг тэдэнтэй сурвалжлагчийн хувиар яриа өрнүүлэхэд хэцүү. Тэр тусмаа хөдөлгөөнт эргүүлийнхэн алсаас биднийг харж байгааг мэдэх юм бол бүр ч найдлагагүй болно. Тийм учраас энэ удаа бага зэрэг худлаа ярих  шаардлагатай болов.
Өөрийгөө Ц гэж танилцуулсан 20 орчим насны  эмэгтэй ”Үүгээр хоёулаа явах осолтой шүү дээ. Та хоёрыг зуучилдаг хүн байхгүй бол эндээс мөнгө олно гэж шал худлаа. Одоо балиус Уянга, Жижгээ, Туяа нар ирэх юм бол та хоёрыг чихдээд аваад явна даа” гэсэн зөвлөгөө өгч байх юм. Ингээд яриагаа цааш үргэлжлүүллээ.

-Жижгээ чинь хэдэн жилийн өмнө хорих ял  авсан шүү дээ.Суллагдсан юм уу? /Жижгээ хүүхэн зуучилдаг эмэгтэй/
– Саяхан гарч ирсэн шүү дээ.

-Биднийг танилцуулаад өгөөч?
-Та хоёр Жижгээ эгч дээр байх юм бол өдрийн 20 мянган төгрөг өгнө шүү дээ. Бас гэрт нь байрлаж болно.

-Энэ хавиар нэлээн олон хүүхэн зогсдог юм шиг байна?
-Харин ихэнх нь цагаар, хоногоор явсан байна. Зарим нь тэр машинуудад сууж байгаа /Багшийн дээдийн автобусны хажуу талын такси руу заав/

-Тэгээд таксин дотор суухаар хэдэн төгрөг төлөх вэ?
-Одоо цагдаа нар эргүүлд  их гардаг болсон болохоор машинд сууж байгаад явах нь  найдвартай. Таксиг цагийн 5000 мянгаар тохироод суучихдаг юм.  Тэгвэл цагдаад баригдахгүй амар шүү дээ.

-Та долоо хоногийн хэдэн өдөр энд зогсдог вэ.  Хэр мөнгө олох уу?
-Гайгүй мөнгө хийнэ. Заримдаа муусайн бууны нохойнууд шавар хаагаад байдаг юм. Одоо тэгээд намар болчихсон болохоор оюутнууд гараад ирнэ. Ер нь төвөгтэй шүү дээ.

-Аль сургуулийн оюутнууд биеэ үнэлэх вэ?
-МУБИС, СУИС, ХААИС оюут­нууд биеэ үнэлж  яваад цагдаа нарт ба­риг­дах тохиолдол цөөнгүй шүү дээ.

-Та нар хар тамхи татаж үзсэн үү?
-Үзсэн. Манай нэг найз бүр та­риа­гаар хэрэглэдэг шүү дээ.

-Найз чинь ямар тариа хэрэг­лэдэг юм бэ?
-Морфин

-Тэгээд тэр тариагаа хаанаас авдаг юм бэ?
-Гуравдугаар эмнэлгийн нэг эмч зардаг гэсэн.

-Тэр эмчийнх нь нэрийг мэдэх үү. Та хамт очиж морфин худалдаж авч байсан уу,  хаана зардаг юм бэ?
-Та хоёр тариа хэрэглэдэг юм уу?
-Үгүй , зүгээр сонин санагдаад л…?
-Аан, Мэдэхгүй нэг удаа найзыгаа тариа авахаар очиход нь эмнэлгийнх нь гадаа хүлээж байсан юм.

-Тэгээд хэн гэдэг эмч морфин зардгийг нь мэдэхгүй юу?

-Нэрийг нь мэдэхгүй. Манай найз сайн танина

-Найзтай чинь танилцаж болох уу?
– Одоо шоронд орсон. Нэрийг нь Туяа гэдэг.
Түр зуур яриа өрнүүлсэн эмэгтэй маань дараагийн үйлчлүүлэгч ирсэн бололтой яаран явж одлоо.

03.20  Жижгээ “ажлын байр”-андаа эргэн иржээ

Саравчтай малгай, цагаан өнгийн гялгар күртик, сөөм хэрийн зузаан ултай гутал өмссөн намхавтар бүсгүй нүдэнд содон туссан нь мөнөөх түрүүн яригдсан Жижгээ гэдэг “атаман” аж. Тэрбээр үсээ шараар будаж, нэг чихэндээ гурван монетан ээмэг дараалуулан зүүжээ. Жижгээ гэгч энэ эмэгтэй насанд хүрээгүй охиныг хүч хэрэглэн биеийг үнэлүүлж, танхайрсан, биеэ үнэлэгчдийг зуучилж, тэдэнд дарамт шахалт үзүүлсэн зэрэг үндэслэлээр  2007 онд гурван жилийн ял сонсчээ. Ингээд өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдаж өнөөх ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэж тэр хавьд эргүүлд гардаг цагдаагийнхан  хэлж байна. Түүнтэй яриа өдөхөд нэлээд сэжиглэсэн байдлаар харж,  харьцах хүсэлгүй байгаагаа хэлж “Надаас юугаа асуух гээд байгаа юм. Би найзтайгаа уулзах гэж явна. Энэ хавийн хүмүүс надад огт хамаагүй. Та хоёр ямар учиртай хүмүүс вэ” гэж байв. Гэхдээ л бид хэсэг зуур ярилцав.

-Таныг өмнө нь ял шийтгэл эдэлж байсныг мэднэ. Та энд “ажилласан” хэвээрээ байгаа юмуу?
-Үгүй ээ. Биеэ үнэлэгч зуучлахаа огт больсон. Найзыгаа хайгаад явж байна. Хорихоос гарч ирээд нэг хүнтэй суусан юм. Хэдэн өдөр алга болчихоор нь сураглаад байсан чинь энэ хавиар /Улаанбаатар зочид буудлын орчим/  явж  байгаа гэж дуулаад дөнгөж сая гэрээсээ ирлээ. Хүмүүс намайг хүүхэн зуучилдаг хэвээрээ л гэж хардаад байх шиг байна.

-Энд биеэ үнэлэгч зардаг хүмүүс олон болж уу. Шинэ хүмүүс хэр байна?
-Толгойтой болгон нь хүүхэн зардаг болсон юм биш үү. Хөгшин залуу, эр эмгүй л биеэ үнэлэгч зараад л байна. Танихгүй хүмүүс  ч их  харагдсан. Мань мэт нь энд ажиллах боломж ч алга даа.

-Та насанд хүрээгүй охиныг албадан биеийг нь үнэлүүлсэн гэсэн үндэслэлээр ял шийтгүүлсэн.  Тэр охиныг яаж  таньдаг байсан бэ?
-Үнэндээ би энэ хуулийн өмнө хүчин мөхөстөж,  хэлмэгдэн шоронд гурван жил шахам суусан. Намайг биеэ үнэлэгчидтэй ямар ч холбоогүй байхад Баянзүрх дүүргийн харьяат 15 настай С охин  өөрийнхөө сонирхлоор  биеэ үнэлж байсан юм. Эхэндээ би тэр охиныг биеэ үнэлдэг гэж  мэдээгүй. “Намайг хүмүүс дээрэлхээд байна, ирээд аваач” гэх болгонд нь очиж хамгаалах гэж явсаар сүүлдээ ийм ажил хийдэг болсон.

-Ийм ажил хийхгүй байж болоогүй юм уу?
-Би тэр хавийн  охид, хүүхнүүдийг гэртээ байхад нь чихнээс нь зулгааж авчраад биеэ үнэл, надад  мөнгийг нь өг гээгүй шүү дээ. Тэд чинь өөрсдийнхөө хүслээр юм уу, танилынхаа зааж зөвлөснөөр ирдэг. Гудамжинд шөнө орой зогсохдоо халдлагад өртөх, үйлчлүүлэгчдээ хулхидуулах гээд зовлон их. Тэгээд л намайг гэртээ байхад дуудаад хараад өгөөч, зуучлаад өгөөч тэдэн төгрөг өгье гэдэг. Би ч гэсэн адилхан мөнгөний төлөө л амьдарч байгаа болохоор хүсэлтийг нь биелүүлж явсаар сүүлдээ шоронд орсон.

-Тэр охин танай гэрт амьдарч байсан гэлүү?
-Тийм ээ. Нэг хэсэг алга болоод өөр газруудаар биеэ үнэлж байгаад цагдаа нарт  баригдаад хэн ч тоохгүй, орох газар ч байхгүй болоод над дээр ирсэн. Тэр ч байтугай бэлгийн замын олон  халдварт өвчнөөр өвчилж, идээ бээрэндээ баригдсан, хамаг булчирхай нь цочоод явж чадахгүй, хүн харахын аргагүй болчихсон ирэхэд нь эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдөөд өвчин зовлонгоос нь салгаж өгсөн удаатай. Тэгээд манай гэрт  хэсэг амьдарч, орой нь ажилдаа гарч байсан.

-Гэртээ амьдруулж байхдаа та дарамт шахалт үзүүлдэг байсан юм биш үү?
-Тийм юм огт байхгүй. Намайг харгис хэрцгий гэсэн ойлголт төрүүлэх гэдэг юм шиг байна. Хүн надтай хүн шиг харьцвал би адилхан л харьцана.

-Таны эсрэг хэн өргөдөл гомдол гаргасан юм бэ?
-“Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчээр тус болж явсан тэр охин л өргөдөл гаргаад шүүх цагдаа дээрээ тулсан. Ер нь хараад байхад энэ биеэ үнэлэгчид өөрийнхөө сайн дураар ирчихээд цагдаад баригдаж, гэрийнхэн нь мэдэхээр  “хүчээр биеийг минь үнэлүүлж байсан” гэдэг байхгүй юу. Тэгээд л өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдахын үлгэрээр зуучилсан  хэд нь гэмт хэрэгтэн болоод үлдэж байгаа юм. Би шоронд орж хүүхдээ өнчрүүлж, арван жил ханилсан  нөхрөөсөө салсан.

-Тэгээд өөрийгөө гэм буруугүй хэрнээ ял эдэлсэн гэж үзэж байгаа юм уу?

-Тийм ээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч н.Сүхбаатар гэдэг хүн миний хэргийг тасалсан.  2007 оны долдугаар сар юм байна. Надад давж заалдах ч боломж байгаагүй. Харин хориход байхдаа асуудал гаргадаггүй байсан болохоор “Буян” компанид ажиллаж  байгаад өршөөлийн хуулиар суллагдсан. Гарч ирээд шинэ амьдрал зохиогоод байна.

-Хорих гэснээс таныг хоригдож бай­хад  эмэгтэйчүүдийн хорих ан­гийн дарга нь хэн гэж хүн байсан бэ?

-н.Оюунчимэг гэдэг хүн байсан  байхаа. Дараа нь Д.Туяа гэж болоод саяхан бас дахиад солигдсон гэж дуулсан юм байна.

-Хорих ангийн талаар ярьж өгөөч. Хоригдлууд нь нэг нэгийгээ дарамталдаг гэсэн үнэн үү ?
-Би тэгж бодохгүй байна. Олон эмэгтэй хүн хэнийгээ дээрэлхэх билээ. Ер нь бүгд л өөрөө өөрсдийгөө аваад л явдаг. Яахав, тэндээ олон жил болсон хүмүүс нь давуу эрхтэй байх тохиолдол бий. Тэрэнд нь тааруулаад эвтэйхэн харьцаад гэмгүй явж байвал дарамт шахалт ирнэ гэж байхгүй. Чи бодоод үз дээ. Хүнд гай болохгүй,  бусад хүн ч надад саад хийхгүй  бол мөр мөрөөрөө л явна биз дээ. Нөгөө талаар олон жил болсон хүмүүсээ хүндэтгэж л харьцдаг. Асуулт чинь дууссан уу. Өөр юм яримааргүй л байна шүү. Дахиад хэрэгт орчих вий гэж эмээх юм. Энд тэндээс нууц камераар бичлэг хийж байгаа ч юм билүү. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр долоо буудуулсан чоно шиг л болчих юм  гээд 30 гаруй насны найз гэх эрэгтэйтэй хамт явж одлоо.
Тэнд царай зүс гундуухан нэгэн байхад хэн ч харсан биеэ үнэлэгч гэж хэлэхээргүй ганган хээнцэр охид ч байдаг гэнэ. Бүр зургаан сартай жирэмсэн, төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэйчүүд хөхнийхөө сүүг дуслуулаад явж байхтай таардаг гэж цагдаагийнхан ярьж байлаа.

04.00 Шангрила зочид буудал

Нийслэлчүүдийн амарч тухлах дуртай усан оргилуурын орчим хөл хөдөлгөөн ч их байлаа. Энэ орчмын цэцэрлэгт хүрээлэнд Батлан хамгаалах их сургуулийн дүрэмт хувцастай сонсогч, найзынхаа хамт шилтэй архи хувааж уухаар тухалж  байхтай таарав. Цагдаагийн ажилтнууд тэдэнд анхааруулга өгөөд гэр лүү нь  явуулсан юм.
Ийнхүү олонхийн дуг нойрондоо дугжирч, амтат зүүдэнд умбаж байх үеэр их хотын гудамжин дахь амьдрал үргэлжилсээр. Үүр цайх дөхөж байсан ч хөл хөдөлгөөн огт тасарсангүй. Хаа нэгтээ хөлчүүхэн залуус хуйвалж, хотын гудамжаар хурд хэтрүүлсэн машинууд давхилдсаар. Улаанбаатарын нэг шөнийн амьдрал иймэрхүү л байлаа.  

Н.Түвшин
С.Отгонсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-03 220.101.173.186

Baruunii ornuudad Bottle shop buyu arhinii toroljson delguuruud baidag supermarketiin derged hurtel toroljson arhi beer wine zardag delguuruud bii Manaihan shig hunsnii delguurtee holiod zarj baidag um baihguiShono 12 bolonguut haagaad yavnaHen ch arhi avch chadahguiManaid hunsnii delguuruud shono tursh zarsaar l baidag biz de

Avatar

Зочин 2010-09-03 202.131.226.98

Iphone4 16gb-32Gb utasnuudiig bolomjiih uneer zarna tsuun uldsen baigaa 99096353

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж