Монгол Улсын хэмжээнд жил тутамд 3500 орчим сүрьеэгийн тохиолдол оношлогдож, эмчлэгддэг.
Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй дох, сүрьеэгийн төслийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяагаас сүрьеэгийн халдвар, шалтгаант нөхцлийн талаар тодрууллаа.
"Сүрьеэ өвчин амьсгалын замаар халддаг, халдварт өвчин. Сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд, нэг газар ажиллаж байгаа хүмүүс, хавьтал болсон иргэд хоёр жил тутам сүрьеэгийн үзлэг шинжилгээнд орох шаардлагатай. Мөн сүрьеэгийн өвчлөлд нөлөөлж байгаа хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хүний дархлалын тогтолцооноос шалтгаалдаг. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэж үздэг. Халдвар авсан тохиолдлын 10 хувь нь сүрьеэ өвчин болох магадлалтай. Үүнд тухайн хүний дархлалын байдал нөлөөлдөг.
Дархлал тогтоцод хамгийн их нөлөөлдөг зүйл нь чанартай хоол хүнс, амьдралын чанар байдаг.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал үүнд том нөлөө үзүүлдэг. Тэр дундаа ажилгүйдэл, ядуурал үүний хамгийн том шалтгаан болж байна. Үүнээс шалтгаалаад хүмүүс чанартай сайн хоол хүнс идэж чадахгүй байна. Эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бүрэн дүүрэн хангагдаагүй тохиолдолд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байх шалтгаан болж байна.
Сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлыг авч үзвэл хөдөлмөрийн насны иргэд буюу 18-43 насныхан түлхүү байна. Гэхдээ тархалтын судалгааны дүнгээс харвал аль ч насны хүмүүсийн дунд халдвар их байгаа. Ялангуяа өндөр настан буюу 65 дээш насны иргэдийн дунд, тодруулбал эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн тархалтын тохиолдол өндөр хувьтай байна.
Сүрьеэгийн эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй байдаг. Эмэнд мэдрэг сүрьеэ зургаан сар, эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон тохиолдолд есөн сар хүртэлх хугацаагаар эмчлэгддэг буюу өдөр бүр 4-5 төрлийн антибиотик ууснаар бүрэн эмчлэгдэх боломжтой. Монгол Улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээний хомсдол үүссэн тохиолдол байхгүй. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрэлхийлэх зан үйлээ нэмэгдүүлэх, ханиалгах, цэр гарах гэх мэт зовуурьтай байвал өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад очин, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдаарай гэж зөвлөж байна."