УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарсан тул Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Юуны өмнө Ардчилсан намыг дэмжиж саналаа өгсөн 430 мянга гаруй сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хяналтын тооллогын дүн мэдээ удахгүй гарна. Ардчилсан нам парламент дах 13 суудлаа 43 болгож чадлаа. Ардчилсан нам эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд оролцохыг эрмэлзсэн. Харамсалтай нь, сонгуулийн өмнө болон дундуур бидний хамтран зүтгэгчид гэх хүмүүс намынхаа эсрэг ажиллах, бидний өрсөлдөгчдөд худалдагдах гэх мэт үйл явдал боллоо.Үүнд маш их харамсаж байна. Биднийг дэмжсэн 430 мянган сонгогчийнхоо хүсэж мөрөөддөг, авлигагүй нийгмийг байгуулахын төлөө, монголчуудыг ажлын байртай болгохын төлөө бид ажиллана.
Монголчуудын амьдрал ядуу байгааг энэ сонгууль харуулж байна. Эрх баригч намын бодлого асар их алдаатай байсныг харууллаа.
Монгол төрийн бодлогыг дүгнэж байгаа дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж эрх баригч нам бодлогынхоо алдааг засах хэрэгтэй. Бид хүнээ хөгжүүлнэ гэж сонгуулийн хугацаанд ярьсан энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Монголыг өрнөөс гаргах хэрэгтэй. Энэ их өрийн дарамт биднийг нар үзүүлэхгүй. Тийм учраас бид парламентын тогтолцоогоо хамгаалахын тулд Монголыг өрнөөс гаргах бодлого, ажилгүйдлийг арилгаж авлигалыг бүрэн таслан зогсоохоо амлаж байна. Та бүхний итгэлийг маш их ажлаар хариулж чадна. Сонгуулийн явцад маш их булхай, луйвар явсан. Тойрогт нэр дэвшсэн МАН-ын сайд дарга нар асар их хөрөнгө мөнгө зарцуулсан. Ардчилсан нам асар их эрх мэдэл мөнгөний өмнө тууштай байсан.
Пропорциональ тогтолцоог цаашид нутагшуулах хэрэгтэйг энэ сонгууль харууллаа. Намын сонгосон 430 мянга гаруй иргэддээ намын 200 мянга гаруй гишүүдийнхээ өмнөөс баярлалаа. Монгол орны гадаад болон дотоод бодлогод засаж залруулах, өөрчлөх олон зүйл бий. Үүнийг ажил хэрэг болгоно.
Монголчуудын хуваагдал сайн зүйл авч ирэхгүй. Сонгуулийн үеэр амь насаа алдсан Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга агсан Баянмөнхийг Чингис хааны одонгоор нөхөж шагнаж байна. Гэр бүлд нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр олгоно. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бодож байна. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан ухуулагч дэмжигчид болон намынхаа гишүүдэд талархлаа. Цаашид өргүй Монголыг бий болгоно" гэв.
Холбоотой мэдээ