Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр сонгуулийн үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Үндэсний эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн нийт нэр дэвшигчиддээ талархаж байна. Үндэсний эвсэл байгуулагдаад гуравхан сар болсон ч цаашдаа явах баг бүрдэж чадсан байна. Маш олон нэр дэвшигчид иргэний зориг гаргаж, хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орсон.
Хууль хяналтын байгууллага бүх талаар хяналт шалгал хийлээ. Би сүүлд хэвлэлд хандахдаа ноцтой хэдэн асуудлыг хэлсэн. Нотлогдохуйц үйл явдал баримтууд байгаа. Хар машин буюу сүлжээний тооллогоор явдаг программд хөндлөнгийн аудит хийх цаг нь болсон. Үндэсний эвсэлд ирэх саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явсан. Дахин Монголын сонгууль элдэв хар пи-ар, буруу тогтолцоогүй явуулахын төлөө Үндэсний эвсэл ажиллах болно. Үндэсний эвслийн улс төрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Багагүй ч гэсэн хэдэн суудал авлаа. Цөөн суудалтай гэсэн ч бид урдаа тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй болсон. Н.Номтойбаяр манлайлж хийх болно.
Сонгууль явуулахад хэд хэдэн анхаарах зүйл байна. Гараанаас тэгш уралдах ямар ч боломж алга. Эрх барьж байгаа нам бусад намууддаа дэгээ тавьж байна. МАН цагтаа эр хүн шиг нам байсан. Одоо эмэгчин нам болжээ. Ардын намын тухай хэлэх зүйл олон бий. Цаг нь болохоор хэлнэ. Тэгш гараанаас намууд уралддаг цаг үе зайлшгүй хэрэгтэй. Үүнийг би манлайлна.
-Үндэсний эвсэл УИХ-д хэдэн гишүүнтэй болж байгаа вэ?
-Босго 72 мянга байсан. Нийт сонгогчдын таван хувийг авах байсан. Урьдчилсан байдлаар 190 мянган хүний санал таван намд хуваагдаж байна. Бид орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгсөн. Далайцтай орно. Мэдээж сүүлд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан гишүүдийнхээ асуудлаар шүүхэд хандана. Ардын намын явуулга. Цагдаагаас хамгийн чухал хоёр хоног дээр ажиллагаа явуулсан. 300 хятад хүн ажиллаж байна гэх худал мэдээлэл дээр үндэслэн битүүмжилсэн. Эхлээд надад дэгээ тавиад таван хоног алдуулсан. Дараа нь хаалтын үед хоёр хоног алдагдлуулсан. Хууль ёсныхоо дагуу сонгуулийн штабтай гэрээтэй ажилчид л ажиллаж байсан. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр нэгжлэг, шалгалт хийх ёстой. Гэвч хуулиа зөрчиж, зөвшөөрөлгүй үзлэг, нэгжлэг хийсэн. Цагдаагийн байгууллагаас "Үндэсний эвслийн штаб гэж мэдээгүй" гэсэн байсан. Бүгд л манай төв штабыг Хөдөлмөрийн ордны хоёр давхарт байрладгийг мэднэ. УИХ-ын сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөлт орох ёстой.
Би хулгайчидтай өш зангидна. Н.Номтойбаяр өөрчлөгдөөгүй шүү.
Холбоотой мэдээ