Долдугаар сарын 1-ний хэргийн хүлээлт

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хэргийн хүлээлт

Олныг анхааралд үргэлж байдаг, басхүү хүлээлт, эмзэглэл дагуулж байдаг долдугаар сарын 1-ний үймээний гэх хэргийн асуудал хариулт хүлээсээр байна. Хэдийгээр шинэ сонгогдсон прокурор Д.Дорлигжавын тушаалаар сэргээн шалгахаар болсон ч дахин дарагдах нь ээ гэсэн мессеж халуун зуны сүүлчээр дэгдэв. Энэхүү яриаг улам бататгах мэт долдугаар сарын 1-ний хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэж үзэж байгаа хүмүүс үүнийг олон нийтэд задлан хэвлэлийн хурал хийх гэж байна гэсэн яриа гарсан юм. Тэгвэл лхагва гаригт буюу уржигдар үнэхээр ч хилсээр шийтгэгдсэн гэх иргэн Ж.Занданхүү хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчидтэй уулзав.

 Энэхүү хуралд  “Иргэдийн Алъяанс төвийн тэргүүн Ж.Занаа болон үймээний үеэр хохирч хилсээр ял хүлээсэн гэх Сүхбаатар иргэн Ц.Занданхүү нар  оролцсон.  Тэд “Прокурор, шүүх ажиллагааны шударга бус үйлдлээс болж олон гэр бүл  хохирч байна. Тухайлбал долдугаар сарын 1-ний  үймээний үеэр баривчлагдсан олон зуун хүмүүсийг эрүүдэн шүүж ял тул­гасан. Таван хүнийг буудан  хороосон зэрэг хэргийг хянахдаа шүүх прокурорын ажилтнууд алдаа гаргасан.Тиймээс хариуцлага хүлээх ёстой” гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн нь намжаад байсан хэргийн талаар дахин нэг дохио дуугаргав. Тэд хэд хэдэн удаа эрх бүхий албаныханд хүсэлт тавьснаа ч дуулгасан. Гэхдээ тэд хэргийг сэргээн шалгахыг зогсоожээ гээгүй. Харин ч шалгалтаа улам эрчимжүүлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлсэн. Тиймээс дээр дурдсанаар хэргийг шалгахаа зогсоогоогүй юм байна гэсэн итгэл олон нийтэд дахин төрлөө.
Гэхдээ л хэргийн шалгалтын талаар төдий л тодорхой мэдээлэл гарахгүй хэвээр байна. Иймээс бид байдлыг тодруулахыг хичээсэн юм.

Долдугаар сарын 1-ний өдөр таван хүний амь нас хохирсон хэрэгт тухайн үед ЦЕГ дарга асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын албаны дарга хурандаа Ш.Батсүх нарыг холбогдуулан шалгаж энэ оны хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтын дагуу хэрэгсэхгүй болгосон . Гэвч хохирогчдын гэр бүлээс Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт  хүсэлт тавьсны дагуу  хэргийг сэргээн шалгах  шийдвэр гаргасан. Үүний дагуу тус газрын  прокурор Н.Гантулга  одоогоос хоёр сарын өмнөөс  дээрх хэргийг сэргээн шалгасан хэвээр байна.

Гэхдээ үймээн самууны  үеэр амиа алдсан таван иргэнийг хэн буудсан,  хууль хяналтынханд нотлох баримт  олдсон уу  гэсэн асуултад олон нийт хариулт авахыг хүсч байна. Хачиралтай нь холбогдох албанынхан “Хэргийг сэргээн шалгасан ч зүйл анги өөрчлөгдөхгүй” гэсэн мэдээллийг  сэтгүүлчдэд өгсөн байдаг. Одоо ч  прокурорууд “Хэдийгээр  хэргийг  шалгаж буй ч  шинэ нотлох баримт нэмэгдээгүй ” гэх тайлбар өгч буй нь  гайхал төрүүлнэ. Хэрэв   уг хэргийг дахин сэргээн шалгасан ч хавтаст хэрэгт юу ч өөрчлөгдөхгүй юм бол  дуулиан болгох  ямар шаардлага байсан юм бол гэдэг асуулт ч мөн хариултгүй үлдэж  байна.

Тухайн үед  хэргийг шалгах явцад Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас улсад их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан.  Уг хэргийн мөрдөн байцаалт жил хагас үргэлжилсний эцэст нийслэлийн Прокурорын газрын хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавьж  хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс гадна  прокурор Н.Гантулга   уг хэргийг шийдвэрлэхэд гар бие оролцож, ялын бодлогыг хэрэгжүүлэгч нь байсан. Гэтэл түүгээр одоо дахин хэргийг хянуулах нь ”Чонын хүзүүнээс мах зүүсэн”-тэй адил юм биш үү гэж үзэх хүн ч байсан юм. Юутай ч  хүний амь бүрэлгэсэн хэргийг сэргээсэн гэх мэдээллээс хойш  хоёр сар өнгөрсөн ч  сураг чимээ алга хэвээр. Өмнө нь буюу  өнгөрсөн сард энэ талаар тодруулахад хяналтын прокурор нь ээлжийн амралттай тул түр хянахгүй гэж байсан.  Энэ талаар дахиад л асууж сураглахад зуны улиралд ажил асуух хүн олдоггүй “заншил”-аар мөн л хариулт олддоггүй л юм байна.

Хоёр сарын өмнө дуулиан шуугиантай  сэргээн шалгаж эхэлсэн долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг хэзээ хянаж дуусах, ямар шийдвэр гарах нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж