АНУ-ын Индианаполис мужийн иргэн Жон Николас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд унтуулгагүй оржээ. Чикаго дахь "Northwestern Memorial" эмнэлэгт тэрбээр мэс засалд орсон ба багын найз нь донор болсон юм. Эмч нар түүнд унтуулга санал болгоогүй ба хэсэгчлэн мэдээ алдуулах епидураль тариа хамгийн тохиромжтой гэж үзжээ. Эпидураль тариаг кесар хагалгаа эсвэл ердийн колоноскопи зэрэг ажилбарт ашигладаг. Николас мэс засал хийлгэснээс нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан. Тэрбээр "Global News"-т унтуулгагүй мэс ажилбарт орох ямар байсан талаараа ярьжээ.
Эмч нар донорын биеэс бөөрийг гарган авч, Николаст шилжүүлэн суулгахаас өмнө түүнд үзүүлсэн байна. Тэр мөч үнэхээр сонин, гайхширмаар байсан гэж Николас дурсчээ. Мөн мэс заслын үеэр ямар дуу сонсмоор байгаа зэргийг нь асууж, харилцан яриа өрнүүлэн, анхаарал сайн тавьсан эмч нарт Николас талархаж буйгаа хэлсэн. Тэрбээр "Мэс заслын үеэр би ямар ч өвчин мэдрээгүй. Мэдээ алдуулагч үнэхээр сонин юм байна лээ. Миний биед юу хийж байгааг нь харж чадахгүй байсан ч эмч нарын юу хийх гэж буйг нь сонсож байсан. Мэс заслын турш намайг уйдаахгүй гэсэндээ эмч, сувилагч нар надтай ярилцаж байсанд баярлалаа" гэжээ.
Хагалгааг гүйцэтгэсэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын албаны дарга Сатиш Надиг хэлэхдээ, Николас ямар нэгэн өвчин намдаах хэрэглэх шаардлагагүй юм. Мэс засал хийлгэснээс 24 цагийн дараа шилжүүлэн суулгасан бөөр нь хэвийн ажиллаж эхэлсэн гэжээ. Энэхүү мэс ажилбар нь бүрэн унтуулгад ороход эрсдэлтэй өвчтөнүүдийн хувьд чухал үйл явдал болсон гэж Надиг үзэж байна. Николаст хийсэн мэс ажилбар ямар ч сөрөг үр дагавар гаргаагүй тул ирээдүйд зүрх, уушгины өвчтэй хүмүүст хэсэгчилсэн мэдээ алдуулгатай мэс ажилбар хийх боломжтойг тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: Global News
Холбоотой мэдээ