Хирс хулгайгаар агнаж, борлуулах хууль бус явдлыг бууруулахын тулд Өмнөд Африкийн судлаачид 20 хирсийн эвэрт цацраг идэвхит бодис тарьжээ. Мөн тус улсын хил дагуу цацраг идэвхит бодис илрүүлэгч төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Ингэснээр хэрэв эдгээр 20 хирсийг хулгайн анчид агнаад, хилээр гарах гэж оролдсон тохиолдолд цагдаагийн байгууллагад тусгай төхөөрөмж нь мэдэгдэл хүргүүлэх аж. Мэдэгдэл авсан цагдаа, хүчний байгууллага тухайн байршилд очиж хулгайн анчдыг барьж авна гэж төлөвлөж байна.
Малын эмч, цөмийн мэргэжилтнүүд хамтран хирсэд тайвшруулах бэлдмэл тарьснаар эврийг нүхлэх ажиллагаа эхэлнэ. Үүний дараа цацраг идэвхит изотопыг тарьсан байна. Хэрэв энэхүү ажиллагаа амжилттай болбол цаашид бүх хулгайн анчдыг таслан зогсооход хувь нэмэр оруулах юм. Өмнөд Африк дахь Витватерсрандын их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, заан, панголин зэрэг хулгайн агнуурт өртөмтгий бусад зэрлэг амьтдыг аврахын тулд цацраг идэвхит бодисыг мөн адил тарьж болно.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл, 20-р зууны эхэн үед хирсийн тоо толгой 500,000 орчим байжээ. Хар зах дээр хирсийн эвэр эрэлттэй байдаг тул хулгайн анчид олширч тэднийг агнасаар одоо 27,000 орчимд хүрсэн. Өмнөд Африкт 16,000 орчим хирс бүртгэгдсэн бөгөөд жилд 500 гаруй хирс хулгайн агнуурын гол бай болж байна. Витватерсрандын шинжлэх ухааны факультетийн декан, профессор Нитая Четти хэлэхдээ, цацраг идэвхит бодисын тун нь маш бага бөгөөд амьтанд үзүүлэх сөрөг нөлөөг сайтар туршиж үзсэний үндсэн дээр эвэрт нь тарих болсон гэжээ.
Эх сурвалж: ABC News
Холбоотой мэдээ