Нян устгадаг ус цэвэршүүлэгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Нян устгадаг ус цэвэршүүлэгч бүтээжээ

Ундны уснаас илэрдэг холера, гепатит, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгч нянгууд цөөнгүй байдаг. Харин тэдгээрийг хялбар бөгөөд асар богино хугацаанд цэвэршүүлэх шинэ технологи бүхий ус цэвэршүүлэгчийг эрдэмтэд бүтээсэн байна.

Стэнфордын их сургуулийн материйн шинжлэх ухааны судлаач И Цуй, Сара Хейлшорн нар хамтран баг бүрдүүлж, дээрх нээлтийг хийжээ. Уламжлал болсон аргаар усны нянг шүүхийн оронд тэдний бүтээсэн шинэ төрлийн цэвэршүүлэгч нь цахилгаан ашиглан усны нянг устгах гэнэ. Энэхүү филтерийг бүтээхийн тулд судлаачдын баг нүүрстөрөгчийн нано хоолой болон мөнгөн нано утсаар дүүргэсэн өндөр технологи бүхий шингэнд хөвөн даавуун материалыг хийж, бэхжүүлсэн байна /Мөнгийг ашигласны учир нь мөнгө нь нян устгадгаас гадна өнгөрсөн хугацаанд эмчилгээний зориулалтаар ашигладаг байж/. Харин дараа нь 2,5 инч зузаантай наногоор битүү бүрхэгдсэн хөвөн даавуугаар усаа шүүж, цахилгааны дамжлагад шилжүүлэхэд усан дахь нян бүрэн устдаг байна. Цахилгаан дамжлага нь ердөө 20 вольт эрчим хүч зарцуулах бөгөөд туршилтын дүнд усан дахь нийт бактерийн 98 хувь нь оргүй устаж байгааг тогтоожээ.

Энэ төрлийн шүүлтүүр нь усыг их хэмжээгээр богино хугацаанд цэвэршүүлэх хүчин чадалтай юм. Нэгэнт бусад шүүлтүүртэй адил нянг шүүсний дарааг жижигхэн цоргоор усыг бага багаар гоожуулж гаргах шаардлагагүй учир усыг нэг дор их хэмжээгээр цэвэршүүлж, ариутгах бололцоотой аж. И Цуйн хэлснээр уг цэвэршүүлэгч нь энгийнхээс даруй 80 мянга дахин хурдан гэнэ. Түүнчлэн үнийн хувьд тун хямд учир хлорамин зэрэг ариутгалын чанартай химийн бодис байнга олж авах боломжгүй алслагдсан бүс нутагт уг шүүлтүүр ихээхэн хэрэгтэй гэж судлаачид үзэж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж