NBA-ийн 2024 оны драфтын хоёрдугаар тойрог орон нутгийн цагаар өчигдөр/2024.06.27/ боллоо. Энэ жилийн драфтын тэргүүн сонголтоор Атланта Хавкс баг Францаас Заккари Рисашер гэх хүүг сонгосон бол хоёр дахь сонголтоор Вашингтон Визардс баг мөн Францаас Алекс Саррыг сонгожээ. Харин гурав дахь сонголтоор Хьюстон Рокетс баг Кентакигийн их сургуулийн Рийд Шеппардыг сонгосон аж.
Энэ жилийн драфтын эхний тойрогт Франц, Канад, Литви, Серби, Герман, Бразил, Камерун, Швейцарь зэрэг олон улсын тамирчид ихээр сонгогдлоо.
Харин хоёрдугаар тойргийн онцлох сонголт нь ЛеБрон Жэймсийн хүү Бронни Жэймс байв. Түүнийг 55 дахь сонголтоор Лос Анжелес Лэйкерс баг сонгожээ. Ийнхүү NBA-д анх удаагаа аав, хүү хоёр хамтдаа нэгэн цаг үед нэг багт тоглох боломжтой боллоо.
1.88 метр өндөртэй Бронни Жэймс коллежийн сагсан бөмбөгт 4.8 оноо, 2.8 самбар, 2.1 ашигтай дамжуулалт дунджилжээ.
ЛеБрон Жэймсийн Лос Анжелес Лэйкерс багтай байгуулсан гэрээнд нэг жил үлдсэн. Гэхдээ үүнийгээ цуцлах эрх ЛеБронд бий. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЛеБрон үлдсэн нэг жилийнхээ гэрээг цуцалж, дахин гурван жилийн гэрээг Лэйкерстэй шинэчлэн байгуулах аж.
ЛеБрон сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хамт NBA-д тоглох зорилготой гэж байсан. Тэгвэл одоо түүний зорилго биеллээ. Дашрамд дурдахад, ЛеБрон Жэймс хоёр дахь хүү Брайс Жэймс хоёр жилийн дараа NBA-д нэрээ өгөх боломжтой болно. Ахтайгаа харьцуулахад өндөр нуруутай Брайс саяхан 17 хүртэлх насны АНУ-ын шигшээ багт дуудагдсан билээ. Зарим нь түүнийг ахаасаа илүү гэж ярьдаг.
Холбоотой мэдээ