Хойд Солонгос улс олон тооны инженер цэргүүдийг зүүн Украин дахь эзлэгдсэн бүс нутгуудад илгээж, хотын сэргээн босголтод туслуулна гэв. Цэргүүд ойрын хугацаанд ирж, Донецк мужийн бөмбөгдөлтөд өртсөн хэсгүүдэд ажиллана гэдгийг Өмнөд Солонгосын засгийн газрын албан тушаалтан мэдээлжээ. Хойд Солонгосын арми нийт 10 инженерийн бригадтай. Үүнээс найман бригад нь жилийн 115 ам.долларын цалинтайгаар Украин руу явна гэж таамаглаж байна.
Цэргүүд бүтээн байгуулалтаас гадна тулааны үүрэгтэй эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ хойд солонгос цэргүүд ОХУ-ын хүчинтэй нэгдэн тулалдвал "их бууны тэжээл" л болно гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пат Райдер Мягмар гаригт анхааруулжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын армийн бүрэлдэхүүнд Куба, Балба, Сири, Серби, Афганистан, Сомали, Малайз, Шри Ланка зэрэг олон улсын цэргүүд тулалдаж буйг Дорно дахин судлалын төв мэдээлсэн. Тус улсын иргэдийг сайн дурын үндсэн дээр, хууран мэхлэх, өндөр цалин амлах зэрэг янз бүрийн аргаар Украины дайны талбарт авчирдаг. Зарим улс иргэдээ буцаахыг шаардсан мэдэгдлүүд ч гаргаж байсан.
Хамгийн сүүлд Шри Ланка улс цэргүүдийг сайн дураараа эх орондоо буцахыг нь зөвшөөрөхийг ОХУ-аас хүсчээ. Мөн энэ долоо хоногт Москвад болсон хэлэлцээний үеэр Шри Ланкын албан ёсны төлөөлөгчид тулаанд амь үрэгдсэн 17 цэрэгт нь нөхөн олговор олгохыг уриалсан байна.
Эх сурвалж: TELEGRAPH, OSW
Холбоотой мэдээ