Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, санал авах ажиллагааг эхлүүллээ. Саналаа ирц, идэвх өндөр өгөхийг албаныхан төдийгүй иргэд ч уриалж байна.
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд сонгогчдыг идэвхжүүлэх үүднээс саналаа өгсөн иргэдийг урамшуулах үйлчилгээнүүдийг гаргажээ.
Тухайлбал, кофе шопууд үнэгүй кофе өгөх урамшуулал гаргасан байна. Элчингийн гудамжид байрлах Мика зочид нэг давхарт байрлах кафка лоунж, “Jack’s coffee”-гийн бүх салбар саналаа өгсөн иргэдийг кофегоор үнэ төлбөргүй дайлна гэжээ.
Үүнээс гадна бусад кофе шопуудыг уриалсан байна. Залуусыг идэвхжүүлэх хамгийн сайн арга нь хөнгөлөлт урамшуулал болохыг ч онцолжээ. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцож, ирээдүйдээ өөрчлөлт хийхийг залуусаас уриалж байна.
Холбоотой мэдээ