Евро 2024 тэмцээний хэсгийн шат өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн нэрс ил боллоо. Өчигдөр/2024.06.26/ F хэсгийн сүүлийн тоглолт Гүрж, Португалын хооронд өрнөж, Гүржийн шигшээ 2-0 гэсэн харьцаатайгаар хожсоноор дараагийн шатанд шалгарчээ. Харин Португалын хувьд хожигдсон хэдий ч хэсгээ тэргүүлэв.
Гүржийн шигшээ багаас тоглолт эхлээд удаагүй байхад Хвича Кварацхелия гоол оруулсан бол хоёрдугаар үед Жорж Микаутадзе торгуулийн цохилтоос гоолдон багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Мөн Гүржийн хаалгач Мамардашивилиг магтах хэрэгтэй. Тэрбээр Португалын олон аюултай довтолгоог няцааж, хаалгаа хуурай манажээ.
Гүржийн шигшээ баг анх удаагаа Еврогийн хасагдах шатанд шалгарч байна.
Тоглолтын дараа тоглолтын шилдгээр шалгарсан Хвича Кварацхелия "Өнөөдөр ганц нэг хувь хүн бус багаараа сайн байлаа. Өнөөдөр бид тоглож чаддаг гэдгээ харууллаа. Гүржийн хөлбөмбөгийн фанатуудын хувьд гайхалтай өдөр тохиож байна. Бид түүх бүтээлээ. Хэн ч үүнийг бүтнэ гэж бодоогүй байх. Хэн ч биднийг Португалыг хожно гэдэгт итгээгүй байх. Нэг хувь боломжийг ч ашиглаж болно гэдгийг харууллаа. Фанатууд маань гайхалтай байна. Тэдэнд талархмаар байна. Бид хамтдаа, нэгдмэл байж энэ бүхнийг хийлээ" гэв.
Хвича Кварацхелия тоглолт дууссаны дараа Кристиано Роналдотой өмсгөлөө солилцож, "Мөрөөдөл" хэмээн инстаграм хуудаснаа зургаа оруулжээ.
Сонирхуулахад, тэртээ 2013 онд Кристиано Роналдо Гүрж улсад айлчилж, тус улсын Динамо Тбилиси клубтай хамтран өөрийн академийг нээж байжээ. Тухайн үед Хвица Кварацхелия, Зурико Давиташвили, хаалгач Гиорги Мамардашвили, Гиорги Чакветадзе, Анзор Меквабишвили, Гиорги Кочорашвили тэргүүтэй өдгөө Гүржийн шигшээд тоглож буй тамирчид Роналдогийн хүүхдийн академид хамрагдаж, дурсгалын зураг даруулж байв.
Нэгэн цагт Роналдогийн академид хамрагдаж, хөлбөмбөгийн боловсрол, чадвараа дээшлүүлж байсан хүүхдүүд 11 жилийн дараа шүтээнийхээ эсрэг эх орныхоо нэрийн өмнөөс талбайд гарчээ.
Холбоотой мэдээ