Нүүрсний хэргээр ял эдэлж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн захидлыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ задруулсан гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан.
ХЭҮК-оос өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийлээ. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Иргэн Б.Ганхуягийн захидлыг ХЭҮК задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ боломжгүй зүйл. Учир нь цагдан хоригдож байсан иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 онд нийт таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 14-нд манайд хандсан. Олон нийтэд цацагдаад байгаа тэрхүү мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийнх. Манайд маргааш өдөр нь буюу 2023 оны есдүгээр сарын 14-нд уг захидал нь хорих ангиас цахимаар ирж, цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн. ХЭҮК-ын зүгээс гомдол гаргаж байгаа хүний хувийн мэдээллийг задруулах боломжгүй” гэв.
Шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасч 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэж байв. Нүүрсний хэрэгт холбогдуулан шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нарын нийт 11 хүнд ял оноосон юм.
Тодруулбал, И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор шийдвэрлэсэн. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэр гаргасан юм.
Б.Отгонжаргалыг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 2.6 жилээр хорих ял оноосон. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.
Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатарыг баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон.
“Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг өөртөө давуу байдал бий болгох, хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгосон.
Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчийг худал мэдүүлэг өгөхөд зориудаар ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгосон.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцон зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хассан.
“МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадоржийг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцож, зорчих эрхийг зургаан сар хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ