Манай эдийн засаг өрөөсөн хөлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Манай эдийн засаг өрөөсөн хөлтэй байна

Эдийн засагч гэсэн тодотголыг  алдар нэрийнхээ өмнө нүүр бардам зүүсэн цөөн хүний нэг нь Д.Жаргалсайхан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд түүнд “нийтлэлч” гэх шинэ тодотгол  нэмэгдсэн. Урьд нь Капитал банкны гүйцэтгэх захирал, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг ажил эрхэлж байсан. Одоогоор аль нэг намын гишүүн биш бөгөөд иргэний нийгмийн төлөөлөгч гэж өөрийгөө тодотгодог Д.Жаргалсайхантай эдийн засаг, нийгмийн зарим сэдвийг хөндөн ярилцлаа.

-Та нийтлэл бичиж эхлээд жил гаруй болж байна. Чухам яагаад эдийн засгийн салбараас хэвлэл мэдээлэл рүү урвах болов оо?

-Үүнийг урвалт гэж нэрлэх эсэхийг би мэдэхгүй байна. Ямартай ч би хэн нэгний захилга, хүсэл сонирхлоор бус өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар бичдэг л дээ. Ноднин жилийн долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бичиж эхэлсэн. Одоогоор яг 60 нийтлэл бичээд байна. Лхагва гариг бүрт монгол хэл дээр Өнөөдөр сонинд, баасан гаригт англи хэл дээр UB Post-д тавьдаг.  Бас миний блогууд, Facebook-д болон тодорхой сайтуудаар тавьдаг.

Уншигчид, сэтгүүлчид, оюутан залууст хэрэг болоосой гэсэндээ цаг зав гаргаж байгаа. Ялангуяа санхүү, эдийн засгийн үг хэллэгийг англи хэл дээр хөрвүүлэхдээ заншсан, нэр томъёотой болоход хувь нэмэр оруулахыг оролдож байна. Нийтлэл тогтмол бичих амаргүй гэдгийг өнгөрсөн хугацаанд би ойлгосон.
Бичихээсээ илүү бодож тунгаахад их цаг ордог. Сайтар бодож болгоосон, мэдэрсэн зүйлийг бичихэд амархан байдаг. Одоо бол нийтлэл бичнэ гэдэг миний амьдралын нэг хэсэг болсон.  Бүтэн сайн өдрийн шөнө голчлон бичдэг дээ. Би өөрийн гэсэн блог, вэбсайт, Facebook, You tube, twitter зэрэг  7-8 сувагтай. Олон нийтийн нээлттэй мэдээлэлийн сүлжээтэй гэсэн үг.  Нийтлэлээ цацаад ирэхээр маш олон хүн ханддаг болсон. Хамгийн сүүлд л гэхэд Бразилаас захиа бичсэн байсан.  Ихэнхдээ сайхан мэдрэмж төрдөг, муулж загнасан хүн ч байдаг. Би Улаанбаатараас бүх дэлхийд зориулан бичиж байна гэдэг бол сайхан хэрэг биз дээ.

-Таныг тун удахгүй телевизийн хүн болох гэж байгаа гэж сонссон. Та телевизээр ямар нэвтрүүлэг бэлтгэж байна даа?

-Одоогоос хоёр жилийн өмнө Олон нийтийн радио телевизийн нэгэн сэтгүүлч надад нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан юм. Би ч нэлээд бодож байгаад зөвшөөрсөн. Гэтэл хамгийн том дарга нь болгоомжлоод зөвшөөрөөгүй. Харин NTV телевизийн захирал М.Уламбадрах надад өөрийн гэсэн нэвтрүүлэг хөтлөхийг жилийн өмнөөс санал болгосон. Тэр нэвтрүүлэг маань энэ сараас эхэлж байна.
Би нэвтрүүлэгтээ “de-facto” буюу “Болсон явдал” гэдэг нэр өгсөн. Нэвтрүүлэг маань NTV телевизээр лхагва гараг бүрийн орой 22:22 цагт гарна. Энэ нэвтрүүлгээ маш энгийн хийнэ. Нэвтрүүлэгтээ бидний амьдралд ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа гадаад, дотоодын хүмүүсийг оруулах юм. Тэр нь заавал нэр алдартай, олны танил хүн байх шаардлагагүй. Зовлон, бэрхшээлийг туулж,  өөрийгөө дайчлан зорилгодоо хүрсэн өөрийгөө ялан дийлсэн, чадварлаг хүмүүс бидний дунд зөндөө бий. Пара-Олимпод оролцож, амжилт гаргасан хүмүүстэй, Сингапураас  медаль авчирч буй хүүхдүүдтэй уулзмаар байна. Мөн гадаадаас манай улсад зочилж ирчихээд сэмхэн буцчихдаг улстөрчид, эдийн засагчидтай  ярилцах болно.

-Ингэхэд та эдийн засагч мэргэжлийг яагаад сонгосон бэ. Аав ээжээсээ өвлөсөн үү эсвэл өөрийн тань сонголт байсан уу?

-Аав ээжээс өвлөөгүй. Манай аав төмрийн заводод токарьч, ээж модны хоёрт ажилладаг  байсан, эгэл жирийн ажилчин хүмүүс. Аав маань оюутан байхад нас барсан.  Би Москвагийн их сургуулийн эдийн засгийн ангийн улаан дипломтой төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа ажиллаж байгаад 2000 онд Америкт их сургуульд явсан. Би АНУ-ын Засгийн газрын цалинтайгаар Дэнвэрийн Их Сургуульд Бизнэсийн удирдлагын мастерт сурч төгссөн.

Ингэж явахдаа би нэг зарчмын гэж хэлж болохуйц ялгааг анзаарсан юм. Намайг Монголд болоод Москвад сурч байхад нэг нь нөгөөгөөсөө хуулах, хуулуулах явдлыг огтхон ч буруу хэрэг гэж үздэггүй байсан. Гэтэл АНУ-д нэг л удаа ийм оролдлого хийвэл шууд сургуулиас хөөдөг.

-Хуулуулсан ч гэсэн хөөдөг хэрэг үү. Хуулуулна гэдэг найздаа тусалж буй хэрэг биш үү?

-Огтхон ч үгүй. Үүнийг оюуны шударга /intellectual honesty/ биш хэрэг гэж үздэг. Яагаад гэвэл оюун шударга байх нь хамгийн чухал гэж тэд үзэж, их эрхэмлэдэг. Энэ бол сэтгүүлч уран бүтээлчдэд бас хамааралтай. Одоо чинь хүний бичсэн мэдээ мэдээллийг, нийтлэл, бичлэгийг хуулбарлаад өөрийн нэрээ тавьчих тохиолдол түгээмэл болсон. Гэтэл америкт ийм үйлдлийг маш цээрлэдэг. Намайг тэнд байхад нэгэн томоохон компанийн гүйцэтгэх захирал сургуульд давхар сурч байхдаа бусдын номноос хуулан эх сурвалж заагаагүй байсан нь илэрч ажлаасаа халагдаж байсныг санаж байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зардаг томоохон компанийн нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзсэн байгаа юм.
Түүнчлэн АНУ-д явган хүний зам дээр хамгаалалт дохиогүйгээр нүх ухах, траншейний таг хэдхэн минут онгорхой байвал хотын даргыг ажлаас нь халдаг. Гэтэл манайд траншейний нүхэнд хүн унаад бэртэж гэмтэж байна шүү дээ. Тэглээ гээд хэн ч хариуцлага хүлээдэггүй.

-Дэлхий нийтээрээ эдийн зас­гийн хямралаас арайхийн анги­жирч байтал ар араас нь элдэв проб­лем гарч ирсээр байна. Хамгийн сүүлд л гэхэд сенсааци дэгдээгээд бай­гаа Японы иений чангаралт ямар нөлөөтэй бол?

-Японы иен ийн чангарсаар байх аваас үйлдвэр аж ахуйн газруудад ихээхэн бэрхшээл тулгарах болно. Нэг иен 83 ам.доллартай тэнцэж байгаа нь тус улсын үйлдвэрлэгчдэд цохилт болж ч мэднэ.  Тоёото корпораци л гэхэд иенээр цалин өгдөг, бүтээгдэхүүнээ гадаадын улс орнуудад ам.доллараар зардаг. Ихэнхи эд ангиа Японоосоо авдаг учир бүтээгдэхүүн нь үнэтэй болж өрсөлдөх чадвараа алдаж байна. 

-Манай улсын мөнгөн тэмдэг­тийн хувьд ч ханш нь үе үе чангарсаар байгаа?

-Манай улсын хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаггүй учир айхтар хүндээр тусахгүй.  Экспортын бүтээгдэхүүн буюу зэс, алт, нүүрс, ноолуурын тухайд алдагдал хүлээх магадлалтай. Харин импортод эерэг нөлөө үзүүлнэ.  
Түүнчлэн төгрөг, ам.долларын хадгаламжийн асуудал гарч ирнэ. Хүмүүс долларыг төг болгохыг зорино. Манай улсын хадгаламжийн тал хувь нь төгрөгийн, тал хувь нь ам.долларынх байдаг.
Банк санхүүгийн салбараас гадна хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж байж бид эдийн засгаа тэнцвэртэй авч явж чадна. Өнөөдөр манай эдийн засаг өрөөсөн хөлтэй хүн шиг л байна. Зах зээлийн эдийн засгийн хамгийн үнэт зүйл бол сонголт. Гэтэл өнөөдөр илүүдэлтэй тал мөнгөө банкинд л хийхээс өөр сонголт үгүй. Хөрөнгийн зах зээл дээр мөнгөө 30 хувь өсгөх боломжтой бол арав гаруйхан хувийн хүүний төлөө банкийг сонгохгүй биз дээ.
Өнөөдөр Монгол Улсад банкны хүү болон ногдол ашгаас татвар авдаггүй. Тодорхой хугацааны дараа үүнийг бас л хөндөх ёстой асуудал л даа.

-Саяхан гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь багагүй шуугиан дэгдээлээ л дээ. Энэ талаар та юү хэлэх вэ?

-Гурилын үнийн өсөлтийг манайхан, тэр дундаа улстөрчид зөвхөн хоол хүнсний хэмжээнд л яриад байгаа. Гэтэл манай улс чинь үр тарианыхаа багагүй хувиар архи үйлдвэрлэдэг орны нэг шүү дээ. Улаанбуудайн үнэ өссөнөөр монголчууд архиныхаа хэрэгцээг багасгах, эсвэл архинаас бүр татгалзана гэж бодож байна уу. Алтан тариан П.Цэнгүүн саяхан гашуун боловч үнэн үгийг саяхан хэлсэн. Үнэ бол бодит байдал, хүлээлттэй холбоотой.
Төгрөг чангарч, валют хямдарч байгаа энэ цаг үед гаднаас улаанбуудай оруулж ирэх нь илүү ашигтай болно. Харамсалтай нь ОХУ болон бусад зарим улс улаанбуудайндаа хориг тавьчихлаа л даа.

-Гурил болоод улаанбуудайн үнийг төрөөс, салбарын яамнаас зохицуулах нь хэр зөв үйлдэл вэ?

-Зөвхөн гурил, будаа, мах гэлтгүй аливаа нэгэн барааны үнийг конторт сууж буй хэн нэгэн зохицуулна гэдэг бол ерөөсөө бүтэхгүй зүйл. Ярьж хэлж байгаа нь  ард түмэнд хачин гоё сонсогдож байгаа л даа. Үнэн хэрэгтээ бол зах зээлд асар том саад болж, эрэлт нийлүүлэлтийг гажуудуулж, урт хугацаандаа үнэ хөөрөгддөг. Үр дүнд нь хэрэглэгчид, ялангуяа бага орлоготой нь илүү хохирдог.

-Төгрөг чангарах үзэгдэл нь импортод эерэгээр нөлөөлдөг гэлээ. Зуун хувь импортоор орж ирдэг шатахууны үнэ хямдарч магадгүй нь ээ?

-Бензиний үнийг ч  зах зээлийн жамаар нь л явуулах учиртай.  Зах зээл хэвийн явбал өөрөө өөрийгөө засаад явдаг. Энэ олон компаниуд зардлаа бууруулж өрсөлдөхгүй байгаа. Хэн дуртай нь хаа дуртай газраа шатахуун түгээх станци барьж эцсийн дүндээ үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж байгаа.
Өрсөлдөөн байгаа бол энэ олон компаниуд яваандаа нийлж, тоо нь цөөрнө. Манайд өнөөдөр чоно ч цатгалан, хонь ч бүтэн байлгахыг оролдож байгаа нь эргээд хэрэглэгчийн нуруун дээр л ачааг нь үүрүүлээд байгаа хэрэг.

-Шатахуун импортлох эрхийг тоотой хэдхэн компанид өгч байгаа нь шударга биш санагддаг. Хэрвээ энэ эрх чөлөөтэй байдаг бол Кувейт зэрэг орноос хямд бензин оруулж ирэх боломж байна гэх юм?

-Шатахуун импортын тухайд аюулгүй ажиллагааг нэгдүгээрт үздэг  учраас  өндөр шаардлага тавьдаг, импортлох эрхийг нь цөөн хүмүүст өгдөг байхыг үгүйсгэхгүй. Төр бол ард түмнийхээ амь нас, аюулгүй байдал, эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалах ёстой. Гэтэл манай төр гол юмаа хийхгүй байна.  Төр юм юманд оролцоод байх нь тодорхой хэсэг бүлэг хүмүүст ашигтай байдаг. 

-Та саяхан “Намуудын нууц хөрөнгө ” нэртэй нийтлэл бичсэн байсан. Хүмүүс таныг сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж эхэллээ гэж хардаж байна л даа. Та 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Үгүй нэр дэвшихгүй. Улсын их хуралд нэр дэвшихгүй. Харин хотын даргыг иргэдээс хэзээ нэгэн цагт сонгодог болбол үзээд алдахад бэлэн байна. Гэхдээ энэ бол хэзээд бүтэхгүй байх.

-Яагаад хотын дарга гэж?

-Улаанбаатар хотын хөгжил бол миний сэтгэл зовж явдаг зүйлийн нэг. Би Улаанбаатарын гэр хороололд өсч, торнисон. Гэр хороололын зовлон жаргалыг сайн мэднэ. Яагаад хотын хүн хөдөө байгаа юм шиг амьдрах ёстой юм бэ. Хэдэн үеэрээ эсгий гэр, банзан хашаанд амьдрах юм бэ. Наад захын ус, дулааны хангамж байх ёстой. Хэдэн жилийн өмнө Монголын Иргэний холбоо “Газраа байраар солих зургаан алхам” гэдэг программ дэвшүүлсэн. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хотын дарга болмоор байна.

-Хотын даргаар сонгогдвол та хам­гийн түрүүн ямар ажил хийх вэ?

-Би Улаанбаатар хотын бүр иргэдийг халуун хүйтэй устай, дулаан байранд тохьтой амьдруулна. Сайхан дэд бүтэцтэй, газрыг нь хотын удирдлага нь улс төрийн намтайгаа нийлээд дамлаад завшихгүй болгоно. Улаанбаатар хотыг ногоон хот, тавлаг сайхан нийслэл болгоно. Хамгийн гол нь энэ бүхнийг хотын иргэд өөрсдөө хийх сонирхлыг төрүүлж, түүнийг нь гүйцэтгүүлнэ.
Энэ бүхнийг эхлүүлэх асар их боломж гарч байна. Улаанбаатар хотыг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Хотын бонд гаргана. Олсон мөнгийг нь завшихгүй байх боломжийг бүрдүүлэхэд л болно шүү дээ.  Бид төр засаг хотын удирдлагаас ганцхан зүйл хүсч байгаа. Нийтийн хөрөнгийг битгий зувчуул. Энэ тийм хэцүү шаардлага гэж үү.

-Өнөөдөр сэтгүүлч сурвалж­лагчдад нийтлэг тохиолддог хүнд­рэл бол гадаад хэлний мэдлэг дули­маг байдал байдаг. Гадаад хэлийг хэр­хэн сурвал үр дүнтэй вэ?

-Гадаад хэл, тэр дундаа англи хэл мэдэхгүй бол нэг гаргүйтэй л адил. Дэлхийн бүх мэдээллийн хагас нь энэ хэл дээр гардаг учир. Ер нь бол 3000 үг мэддэг байхад л жирийн хүмүүсийн яриаг ойлгодог. Сэтгүүлчдийн хөдөлмөрийг би мэдээллийг мэдлэг болгон түгээдэг гэж ойлгодог. Тэгэхээр мэдээллийг олж авахад, боловсруулан баяжуулах, дэлгэрүүлэхэд гадаад хэлний мэдлэг их шаардлагатай. 

-Та “Монголчууд Шударга Татвар Ухаалаг Зардлын төлөө” ТББ-ын Ерөнхийлөгчөөр ажил­­ладаг. Чухам яагаад энэ байгуул­лагыг байгуулах болсон бэ?

-Энэ бол татвар төлөгчидийн холбоо гэсэн үг. Энэ байгууллага маш их ирээдүйтэй бөгөөд Засгийн газрыг нээлттэй, тайлагнадаг, бага зардалтай байлгахыг шаардах бүрэн эрхтэй ганц субьект юм. Тун удахгүй энэ байгууллагад бүх татвар төлөгчид нэгдэх болно.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж