Пакистаны өмнөд хэсэгт агаарын температур нэмэгдэхийн хэрээр нас барагсдын тоо нэмэгдэж байна. Эдхи түргэн тусламжийн албаны мэдээлснээр өдөрт дор хаяж 30-40 цогцсыг моргт хүргэх болсон. Гэвч сүүлийн зургаан өдрийн хугацаанд нийт 568 хүн нас барсан. Үүний 141 нь өнгөрсөн Мягмар гаригт байжээ. Карачи хотод агаарын температур хамгийн багадаа 40 хэм хүрч, чийгшлийн хэмжээ 49 хувьтай байгаа тул ахимаг болон бага насны хүүхдүүд дунд нас баралтын тоо өндөр байна. Мөн хэт халууны улмаас биеийн байдал нь муудсан хүмүүс эмнэлгийн гадна оочирлох болжээ. Карачи иргэний эмнэлэгт Ням гаригаас Лхагва гаригийн хооронд халуунд цохиулсан 267 хүн хэвтэн эмчлүүлсэн бол тэдний 12 нь нас барсан гэж гэж доктор Имран Сарвар Шейх мэдээлэв.
Тус улсын цаг уурын албаны хүний мэдээлснээр, Пакистанд хэсэгчилсэн халалтын долгион тохиож байна. Энэ нь нарны цацрагийн туяаг хаах зүйлгүй хэсэг бүлэг газарт хэт халахыг хэлдэг аж. Хүмүүсийн биеэс хөлс их гарсны улмаас шингэний дутагдалд орж байгаа ба халуунд цохиулсан өвчтөнүүд бөөлжиж, суулгах болсон. Зарим тусламж хэрэгтэй хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй бие нь хүндэрч байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээс болж хордлого тайлах эмчилгээ хийх боломжгүй байдалд хүрсэн аж. Өнгөрсөн сард Синд мужид 52.2 хэм хүрч дээд амжилт тогтоосон гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Пакистаны хөрш орнууд ч сүүлийн хэдэн долоо хоногт эрс тэс, үхлийн аюултай температурт нэрвэгдэж байна. Энэтхэгийн хилийн дагуу нийслэл Дели хотод тавдугаар сараас хойш өдөр тутам агаарын температур 40 хэмийг давж, 50 хэмд хүрчээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ