Өмнөд Солонгосын урлагийн салбарт хөл тавих хүсэл, мөрөөдөлтэй гадаадын иргэдэд тусгай виз олгох төслийг тус улсын засгийн газар хэлэлцэж байна. Тодруулбал, "K-поп" чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүст зориулсан “K-Culture Training Visa” гаргах талаар Сангийн яам хэлэлцэж байгаа аж. Энэ нь "K-поп" бүжиг, бүжиг дэглээч, загвар өмсөгч мэргэжлээр суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд нээлттэй.
Өргөдөл гаргагчдад сонгон шалгаруулалтад орох эсвэл салбарын агентлагаас урилга авсан байх шаардлагагүй байхаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд "K-поп" болон "K-drama" дэлхий дахинд алдартай болсноор солонгос хэл судалж, Өмнөд Солонгос руу аялах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Мөн урлагийн салбарт нь хүч сорих хүсэл тэмүүлэлтэй гадаадын иргэд олширсон тул засгийн газраас визний төрлөө нэмж, зах зээлийн өсөлтийг эрэлхийлж байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны (MCST) мэдээлснээр, өнгөрсөн жил Тайланд, Филиппин зэрэг орны жуулчид Өмнөд Солонгост ирсэн нийт жуулчдын тавны нэгээс илүү хувийг эзэлж байсан. Жуулчдын хөл хөдөлгөөн ихсэх тусам визний шаардлага өндөр болдог. Визний хэлэлцэх хугацаа уртассанаар Өмнөд Солонгосыг зорих хүмүүсийн тоо цөөрч байгааг засгийн газар анзаарсан байна.
"Squid Game" киноны жүжигчин Ли Жүн Жэ тус улсын аялал жуулчлалын хүндэт элчээр сонгогдсон. Тэргүүлэгч "Korean Air" компани 2019 оноос хойш нислэгийн аюулгүй байдлын тухай видеогоороо "SuperM" хөвгүүдийн хамтлагтай хамтран ажиллаж буй.
Гэхдээ тус улсад нэвтэрч буй хүмүүсийн харьяалал олон янз болж байгаа ч аялал жуулчлал "Covid-19"-ийн өмнөх үеийнхээс муу байна. Өнгөрсөн жил тус улсад 11 сая орчим хүн зочилсон нь 2019 оны 17.5 сая жуулчдаас харьцангуй бага тоо юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэ визний төрөл гаргаж, олон улсын залуучуудын сонирхлыг татах төлөвлөгөөг засгийн газар гаргажээ. “K-Culture Training Visa”-ний тодорхой мэдээлэл энэ оны сүүлээр гарах бөгөөд 2025 оноос эхлэн хэрэгжиж магадгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ