Хойд Солонгос улс Лхагва гаригт дуунаас хурдан пуужин харвасан боловч тэр нь агаарт дэлбэрсэн гэж Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. Пуужин 250 км орчим зам туулсны эцэст дэлбэрсэн байна. Пёньян хог тээвэрлэсэн ээлжит агаарын бөмбөлгүүдээ Өмнөд рүү илгээснээс хэдхэн цагийн дараа пуужинг харважээ. Пуужинг Пёньяны ойролцоох бүс нутгаас өглөөний 05:30 цагийн үеэр харвасан.
Албаны хүний хэлснээр пуужингаас ердийнхөөс илүү их утаа гарч байсан нь дэлбэрэх магадлалыг нэмэгдүүлсэн. Мөн уг пуужинг хатуу түлшээр ажилладаг байж магадгүй гэв.
Өмнөд Солонгосоос илгээж буй агаарын бөмбөлгүүдэд ихэвчлэн цаасан хаягдал тээвэрлэж буй учир иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учрахгүй гэж албаныхан мэдэгдэж буй. Гэхдээ Лхагва гаригийн "илгээмж"-ийн дараа Өмнөд Солонгосын Инчон нисэх буудлын хөдөлгөөнийг гурван цаг орчим зогсоожээ.
Дараа нь Өмнөд Солонгос улс маргаантай баруун тэнгисийн хилийн дагуу галын сургуулилалт хийжээ. Өмнөдийн эрх баригчид энэ сургуулилалтаа ердийн бөгөөд хамгаалалтын шинж чанартай гэж тодорхойлсон. Сургуулилалтад "K239 Chunmoo" олон пуужин харвагч систем болон бусад зэвсэг багтжээ. "Дайсны аливаа өдөөн хатгалгад хүчтэй хариу цохилт өгөх чадвар, бэлэн байдлыг шалгахын тулд загварчилсан бай руу 290 орчим удаа буудсан" гэж Тэнгисийн явган цэргийн корпус мэдэгдэлдээ дурджээ.
Хоёр улсын хилээр агаарын бөмбөлөг харилцан нэвтрүүлэх нь харилцааг улам хурцатгах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ