Эрх баригч нам сонгуультай жил улсын төсвийг хөөсрүүлж, сонгуулийн сурталчилгаанаа ашигладаг нь гэм биш болсон. Тэр жишгээр Монгол Улсын 2024 оны төсвийг 25.9 их наяд төгрөгийн орлого олж, 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргахаар баталсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тэр дундаа нүүрсний экспортын орлогоос Монгол Улсын эдийн засгийн өсөлт ихээхэн хамаардаг.
Тиймээс 2024 оны эхний хагас жил өнгөрчихсөн байгаа энэ үед шинээр байгуулагдах 126 гишүүнтэй парламент, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг эдийн засгийн ямар орчин угтах нь анхаарал татаж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд нүүрс, зэс болон алтны үнэ тогтмол өссөн нь covid-19-naн улмаас уналтанд ороод байсан эдийн засаг өсөх том түлхэц болсон. Тухайлбал, гадаад валютын хэмжээ 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан бол одоогийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн үүд хаалгаар оруулах бодитой бодлого хэрэгжүүлэх хүлээлт шинээр бүрэлдэх парламент, Засгийн газарт бий.
УИХ-ын сонгуулийн дараа эдийн засагт чухал ач холбогдол бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2024” долдугаар сарын 8,9-нд зохион байгуулагдана.
Тус чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг боловч гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байгаа. Гэсэн хэдий ч энэ чуулган Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний хамгийн эхэнд шийдэх ёстой асуудлын нэг байх нь дамжиггүй.
Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах саналд дарагдаж явсан цаг бий.
Гэвч хөрөнгө оруулагчдаа хөөж гаргадаг, хөрөнгийг нь дээрэмддэг, хэлсэн ярьснаасаа буцдаг, төрийн болоод эдийн засгийн бодлого шийдвэрүүд нь тогтворгүй зэрэг олон сөрөг үзүүлэлтүүдийн уршигаар Рио Тинтогоос өөр гадаадын томоохон хөрөнгө оруулагчгүй болж үлдсэн.
Өнгөрсөн жилийн мөн өдийд хөрөнгө оруулагчдыг урьж Монгол Улсын хууль эрх зүйн орчин сайжирч, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалдаг, эрх ашгийг нь дээдэлдэг, тогтвортой бөгөөд урт хугацааны найдвартай, харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгаа гэдгээ танилцуулж байсан. Өнгөрсөн жил тус чуулганд гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцсоноос гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид ирсэн.
Тухайлбал, “цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны 1-р улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалсан зэрэг олон эерэг мессеж өгсөн. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хууль эрхзүйн орчин хэрхэн өөрчлөгдсөн, хэр тогтвортой байх талаар ихээхэн сонирхож байсан. Тухайн үед төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг хууль, эрх зүйн орчныг бий болгохыг зорьж байгаагаа дуулгаж Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталж, 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоог 362 болгон бууруулж, зөвшөөрөл авах процессыг цахимаар, 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг болсон гэдгийг онцолж байв. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал хуулийн давхардал хийдлийг арилгах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг баталгаатай хамгаалахад чиглэсэн олон шинэлэг зохицуулалт туссан талаар хэлж байсан юм.
Харамсалтай нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ удаагийн парламентын гишүүд хэлэлцэж батлаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засгийн газар хөрөнгө оруулагчдын өмнө өнгөрсөнөө улиг болтол ярьж, үйлдэл хийж урагшилж чадаагүй байгаа нь үнэн.
Хөрөнгө оруулагчдыг гоё чамин уриалга, хий хоосон амлалтаар татахгүй. Хөрөнгө оруулалт хэдийгээр харилцан итгэлцэл дээр суурилах боловч хамгийн чухал нь цагаан дээр хараар бичигдсэн хууль, эрх зүйн орчин байдаг. Тиймээс шинэ парламент, засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг шинэчлэн батлах эсэх нь бас л энэ удаагийн чуулганы бас нэгэн хүлээлт болох нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол Улсад хөрөнгө оруулах ёстой эсэхээ бодолцоно. Нэг нам дангаар төрийн эрхийг олон жил барихаас илүү олон намын төлөөллөөс бүрдсэн солонгорсон парламенттай болох нь хөрөнгө оруулагчдад ээлтэй, бодлого тогтвортой байхад чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эдийн засагчид онцолдог.
Холбоотой мэдээ