Гитлерийг мэхэлсэн Гарбо

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Гитлерийг мэхэлсэн Гарбо

Одоогоос 80 жилийн өмнө холбоотон орнууд нацист дэглэмийн эсрэг ажиллагаа явуулсан. Тус өдрийг барууны орнууд "D-Day" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай болжээ. "D-Day" гэдэг нь 1944 оны зургадугаар сарын 6-ны өдрийг хэлнэ. Эл өдөр буюу дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотон орнууд Нормандийн наран шарлагын газруудад томоохон хэмжээний усан довтолгоо явуулжээ.

"Оверлорд" гэж нэрлэдэг уг ажиллагаа дэлхийн түүхэнд хамгийн том далай тэнгисийн довтолгоо байсан бөгөөд Баруун Европыг нацистын эзлэн түрэмгийллээс чөлөөлөх эхлэлийг тавьсан юм. "D-Day" нь холбоотны цэргүүдийн хувьд маш том сорилт байлаа.

"D-Day" өнгөтөөр

Тэд Нормандийн таван эргийг хамгаалж буй 50,000 орчим нацист цэрэгтэй тулалдах болсон. Холбоотны 160,000 орчим цэрэг хамгийн анх эргүүдэд хүрсэн ч Атлантын хана гэж нэрлэгдэх бункерээр хамгаалагдсан нацистуудтай тулалдах нь дөнгөж эхний сорилт байжээ. Хоёрдох сорилт бол дайн эхэлснийг Герман мэдээд Пас-деКале гэх мэт ойролцоох нутгуудаас нэмэлт хүч авчирч, холбоотны эсрэг довтолгоог явуулсан байдаг. Тиймээс амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд "D-Day"-ээс өмнө холбоотны удирдагчид тусгай мэдлэг, ур чадвар эзэмшсэн "нууцлаг" хүмүүсээс тусламж хүссэн юм. Эдгээр "нууцлаг" хүмүүс нь ердийн тагнуул биш.

Тэд Германаас чухал мэдээллийг хулгайлах бус Гитлерт хуурамч мэдээ хүргэх ёстой.

Гарбогийн төлөвлөсөн "Double Cross"

Холбоотнуудын тусламж хүссэн эдгээр нууцлаг тагнуулууд нь хоёрт хуваагдана. Эхнийх нь бодит хүн бол хоёр дох нь Британийн тагнуулын газраас зохиосон хуурамч дүрүүд байв. Яг л цахим платформ адил биет бус "зохиомол" тагнуулын ажилтан юм. Эдгээр хоёр төрлийн тагнуулчдыг Их Британи, АНУ "Double-Cross" сүлжээ хэмээн нэрийддэг байжээ."Double-Cross"-ын тагнуулчид нацистуудад ажиллаж, хуурамч мэдээ тараах үүрэгтэй. Нэг ёсондоо Германчуудыг хууран мэхлэх ёстой байсан.

ГАРБО

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудаас довтлох төлөвлөгөөгөө нууцлахын тулд Их Британи хууран мэхлэх стратеги ашигласан. Их Британийн тагнуулын алба Гарбо хочтой Хуан Пужол Гарсиа зэрэг агентуудын тусламжтай хуурамч мэдээлэл тараадаг байв. Гарбо радио, захидлаар дамжуулан нацистуудад худал мэдээ тарааж, тэднийг хийсвэр зүйлд итгүүлдэг байжээ. Жишээ нь Гарбо хөрсөн дээр хэзээ ч байгаагүй цэргийн анги, дэд агентуудын талаар нацистуудад мэдээлэл өгч, итгүүлдэг байсан.

Гарбогийн заль мэхийг илүү үнэмшилтэй болгохын тулд Их Британийн тагнуулын алба хийлдэг танк, дуу авианы эффект бүхий хуурамч арми хүртэл бүтээжээ. Ингэснээр нацистуудыг худал мэдээллээр тэжээж, тэднийг Нормандид болох жинхэнэ холбоотнуудын дайралтаас анхаарлыг нь сарниулж чадсан юм.

Эцэст нь "Double-Cross" сүлжээ буюу Гарбо болон түүний тараасан худал мэдээллийн тусламжтай холбоотон орнууд амжилтад хүрсэн аж.

Хуан Пужол Гарсиа

Гарбо 1944 оны нэгдүгээр сараас эхлэн нацистуудад тус оны долдугаар сард холбоотны цэргүүд Нормандид биш Пас де Кале хотод томоохон довтолгоо хийхээр төлөвлөж байна гэх хуурамч мэдээ тараасан. Нацистууд уг  мэдээнд итгэсэн тул дараа нь анхаарлыг нь сарниулахын тулд Гарбо холбоотны арми жижиг довтолгоо хийнэ гэж хуурамч мэдээ тарааж эхэлжээ. Үүнийг бодитой мэт санагдуулахын тулд холбоотны мэхлэлтийн мэргэжилтнүүд хуурамч, хий хоосон арми бий болгожээ. Тус армийн генералыг Жорж Паттон гэж нэрлэсэн бөгөөд Гарбогийн мэдээлсэн хуурамч довтолгооны өдөр Паттоны цэргүүд хотод дайрна гэж нацистуудад итгүүлсэн байна.

Холбоотнуудын гол зорилго нь "D-Day"-ийн үеэр Гитлерийг Нормандаас хол байлгах байсан. Үүнийг ч Гарбогийн тусламжтай амжилттай хэрэгжүүлсэн.

"D-Day" ойртох тусам холбоотнууд Гарбогийн заль мэх амжилттай хэрэгжиж  байгааг олж мэдсэн. Учир нь нууцыг чанд сахидаг Гитлер Берлин дэх Японы элчин сайдтай долдугаар сард довтолж болзошгүй хуурамч армийн талаар илэн далангүй ярилцаж эхэлжээ. Гитлер 1944 оны зун Ла-Маншийн сувгаар холбоотнууд хоёр удаа дайралт хийнэ гэж таамаглаж буйгаа Япончуудад илчилж, эхнийх нь довтолгоонд нь ялагдахгүй гэж бардамнажээ. Тиймээс Гитлер хүртэл Гарбогийн хуурамч мэдээнд итгэж буйг мэдсэн холбоотны орнууд итгэл дүүрэн "D-Day"-ийн өдөр довтолсон аж. Тодруулбал, нацистууд бүх цэргээ Нормандид шилжүүлэлгүй,гол дайралт өөр газар болно гэж бодож байжээ.

"D-Day"-аас хойш бараг гучин жилийн турш "Double Cross" сүлжээ болон Гарбог холбоотон орнууд нууцалж байв. Гэсэн хэдий ч тагнуулын ажилтнууд эдгээр тактикийг сайн мэддэг байсан тул Хүйтэн дайны үед Зөвлөлтийн засгийн газар хуурамч мэдээ тараах аргыг өргөн хэрэглэсэн аж.

Зөвлөлтийн эрх баригчид "Double Cross" сүлжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрсдийн тагнуулчдаас мэдэж авсан. Ялангуяа "MI5"-ийн Энтони Блант, "MI6"-ийн эсрэг тагнуулын нэгжийн "V" буюу "XB" хэсэг гэгддэг Ким Филби нараар дамжуулан олж мэдсэн. Эдгээр тагнуулчид нь хуурамч мэдээлэл хэр хүчтэй болохыг эрх баригчдад таниулснаар Гарбо болон "Double Cross" сүлжээн нууц ил болжээ.

Одоо, "D-Day"-ээс хойш 80 жил, Хүйтэн дайн дууссанаас хойш 35 жил өнгөрсний дараа хуурамч , худал мэдээлэл нь тагнуулын эсрэг ажилтнуудын санаа зовоосон асуудалд хамаарахаа больсон. Гарбогийн ашиглаж байсан энэ арга нь бидний өдөр тутмын онлайн мэдээллийн нэг хэсэг болж хувирчээ. Нэг ёсондоо бидний хүн нэг бүр худал хуурмагийн эсрэг ажилтан болж, худал мэдээллийг бодит байдлаас ялгахыг хичээх болсон. Нэгэн цагт хүний ​​амийг аварч, дэлхийн хамгийн муу дарангуйлагчийг ялан дийлэх стратеги байсан "Double Cross" сүлжээ нь цахим орчинд түгээмэл болж,бие биедээ итгэх итгэлийг алдагдуулж буй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж