Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно!

Хуучирсан мэдээ: 2024.06.27-нд нийтлэгдсэн

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно!

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно!

Парламентын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт маргааш орон даяар  явагдана. Санал хураалтын дүнгээс Монголын ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлого тодорхойлогдох юм. Товчхондоо, та юу тарина, түүнийгээ хурааж авна гэсэн үг.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа юм. Гол өрсөлдөөн МАН, АН, ХҮН, Үндэсний эвслийн дунд өрнөж байна.

Томсгосон тойргоос 78 хүн сонгогдоно. Харин жагсаалтаар 48 хүн УИХ-ын гишүүн болно. Сонгуулийн тойрог, тогтолцоог зурахдаа парламентад суудалтай намууд хамтарсан засаг байгуулна гэсэн мессеж улс төрийн хүрээнээс сэвэгдэж эхэлсэн нь оргүй хоосон цуурхал биш нь мэдээж. Гагцхүү урилгыг илгээх вэ гэдэг нь гол асуудал.

Гагцхүү урилгыг аль нам илгээх вэ гэдэг нь гол асуудал. Үүнээс олон зүйл шийдэгдэнэ. Найман жил засгийн эрх барьсан МАН эрх мэдлээ үргэлжлүүлэн хадгалахыг хүсч байна. Тиймээс тэд сунгая гэж уриалах болсон. Тэгвэл найман жил гудамж метрлэсэн Ардчилсан нам Засгийн эрх авч, өнгөрсөн найман жилийн алдааг засахаа амлаад байгаа юм. Тэд сольё гэж байна. ХҮН намын хувьд кнопныхоо тоог нэмэх хүсэлтэй, тиймээс солонгоруулъя гэх болсон. Өнгөрсөн хавар байгуулагдсан гэхэд Үндэсний эвслийн рейтинг өдөр ирэх тусам өсөх болсон нь Н.Номтойбаярын үг-үйлдэлтэй холбоотой. Ямарч байсан Үндэсний эвсэл нэгээр тогтохгүй суудал авах болов уу.

Ардчилсан сонгуулийн амин сүнс нь мэтгэлцээн байдаг. Намуудын нэр дэвшигчдийн мэтгэлцээн  иргэдийн анхаарлыг багагүй татсан. Гэхдээ гол мэтгэлцээн болоогүй. Намуудын дарга нарын мэтгэлцээнгүй сонгуулийг ямар ардчилсан сонгууль гэх билээ гэсэн шүүмжлэл ч нэлээд сонсогдсон.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх насны 2.2 сая хүн байна. Тэдний 50 хувь нь 18-39 нас, 50 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгсөн сонгогчдын судалгаанаас харахад 40-60 насныхны 75 хувь нь төр барих эрхээ эдэлжээ. Тэгвэл 60-аас дээш насны сонгогчдын оролцоо 95 хувьтай байсан аж. Харин 18-39 насны залуусын 50 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь залуусын ирээдүйг ээж аавынх нь санал шийдчихэж байна гэсэн үг. Иймээс өөрийнхөө амьдралыг өөрсдөө шийдмээр байгаа бол залуус улс төрийн оролцоогоо сайжруул. Сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өг.

Залуус улс төр сонирхохгүй гэх нь цөөнгүй. Гэвч улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно.  Сайн боловсрол эзэмшиж, сайхан амьдарч, ирээдүйг шинээр, өөр зурмаар байгаа бол залхууралгүй явж очоод саналаа өгөх хэрэгтэй. “Миний нэг саналаар улс төр дутахгүй” биш улс төр чиний, бидний нэг саналаар заавал дутна. Дутсан санал болгон авлига, хулгайг дэмжсэнтэй адилхан.

Улс төрийн том намууд аль болох багаар нь дэмжихийг уриалж буй. Энэ бол тэдний арга заль. Бид ундаа,чихэр авахдаа хүртэл сайныг нь шилж сонгодог. Улс төр бол үүнтэй адил. Ирээдүйн дөрвөн жилийн хөгжлийн бодлогоо хулгайч, луйварчдын гарт өгвөл иргэдийн боловсрол, эрүүл мэнд, эрх чөлөө, ажил, ашиг орлогоос чинь хулгайлна.

Ирээдүй чинь өөрөөс чинь шалтгаалах тул өөр хэн нэгэнд найдах хэрэггүй. Эртхэн очоод иргэнийхээ үүргийг биелүүл. Саналаа битгий худалд. Хэрэвзээ саналаа худалдах юм бол чи ирээдүйгээ, эрүүл мэндээ, ашиг орлогоо, аз жаргалаа худалдаж байгаатай адилхан үйлдэл юм. Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг өөрчлөх хүч нь Монголын залуус та нарын гарт байна шүү!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж