АНУ-ын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд огцом халснаас болж ерөнхийлөгч агсан Абрахам Линкольны тосон баримал хайлжээ. Вашингтонд дор хаяж цельсийн 35 хэм хүртэл халсан бөгөөд Линкольны хоёр метр өндөр тосон баримал хөлөөсөө толгой хүртэл хайлж, газарт урссан байна. Баримлын сандал, толгой, мөр хэсэг нь бүрэн хайлснаас болж дотор төмөр нь цухуйж эхэлсэн.
Линкольны баримал өмнө нь ч бас хайлж байсан удаатай. Өдгөө мэргэжилтнүүд баримлыг сэргээн засварлахаар ажиллаж буй.
Абрахам Линкольны тосон баримал нь иргэний дайны үед африк гаралтай америкчуудын орогнож байсан хуаран болох Кэмп Баркерын талбайд байрладаг. Одоо тус талбайд Гарнисон бага сургууль оршдог бөгөөд зураач Сэнди Уильямс өөрийн лааны тосон цувралын нэг болгож Линкольны хөшөөг бүтээж байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Линкольны хөшөөг анх танилцуулсан. Тухайн үед хүмүүс хүндэтгэл үзүүлэх журмаар Линкольны баримлын урд 100 гаруй лаа асааснаас болж анх бага зэрэг хайлж байсан түүхтэй.
Эх сурвалж: BBC