НЦУГ-аас сонгуулийн зөрчилтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2024.06.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2024 оны сонгууль эхэлснээс хойш гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 786 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 315, зөрчлийн шинжтэй 471 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Нийт гомдол мэдээллээс 608 гомдлыг шийдвэрлэсэн. Одоо үлдсэн 178 гомдол мэдээллийг шалгаж байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна.
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр болж байгаатай холбогдуулан иргэд олон нийтэд зориулж цагдаагийн байгууллагаас зөвлөмжүүд гаргасан. Жишээ нь:
Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр, байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Сонгуулийн хууль тогтоомж зөрчих нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилж өгсөн. Үүнээс цагдаагийн байгууллагын шалгах харьяалалтай 22 төрлийн зөрчил байна. Эдгээр хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн дагуу торгох шийтгэл оногдуулна.






Мөн 2024 оны зургадугаар сарын 25-нд Үндэсний эвслийн байранд болсон үйл явдлын талаар дараах мэдээллийг өглөө.
-Өчигдөр /2024.06.25/ өдрийн 12:22 цагт цагдаагийн байгууллагад нэг иргэнээс гомдол мэдээлэл ирсэн. Мөн өдрийн 13:23 цагт дахин нэг иргэнээс гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Хөдөлмөрийн ордны хоёр давхарт байрлах Үндэсний эвслийн байранд очсон. Тухайн байранд очиход намын сонгуулийн штаб гэх хаяг байгаагүй. Цагдаагийн байгууллага тухайн газарт нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Цагдаагийн байгууллагад өдөрт 2000 гаруй дуудлага, мэдээлэл ирдэг. Энэ бүх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж, очдог. Цаашид прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэв.
Холбоотой мэдээ