Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, тэргүүлэх генерал Валерий Герасимов нарыг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр баривчлах тушаал Мягмар гаригт гарсан. Ийнхүү Олон улсын эрүүгийн шүүхээс Москвагийн албан тушаалтныг баривчлах найм дахь тушаал гарч байна. Эдгээр найман хүний тоонд украин хүүхдүүдийг Орос руу албадан гаргасан гэх хэргээр буруутгагдаж буй ерөнхийлөгч Владимир Путин багтана.
Шүүхийн шийдвэрийг Киевийн эрх баригчид сайшаасан бол Москва үгүйсгэсэн байна.
Гаагд байрлах эрүүгийн шүүхийн мэдээлснээр, Оросын батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудыг Украины иргэний дэд бүтцэд халдсан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр үндэслэлээр баривчилна. Шүүгчид 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9-ний хооронд Оросын зэвсэгт хүчин Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд хийсэн пуужингийн цохилтын хариуцлагыг Шойгу, Герасимов нар хүлээнэ гэж үзэж буй. Мөн тэднийг баривчлах хангалттай нотлох баримт байгааг нэмж тэмдэглэжээ.
Оросын хувьд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш бөгөөд өнгөрсөн 28 сарын хугацаанд Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, атомын цахилгаан станц болон хот тосгонуудыг онилж байсан. Украины хувьд мөн адил гишүүн орон биш. Гэхдээ 2013 оны арваннэгдүгээр сараас хойш өөрийн нутаг дэвсгэр дээр болж буй үйл явдлыг мөрдөн шалгах эрхийг Олон улсын эрүүгийн шүүхээс Украинд олгосон байдаг.
Оросын Аюулгүй байдлын зөвлөл баривчлах тушаалыг Москвагийн эсрэг хийж буй хоёрдмол дайн гэж үзэв. TASS" агентлагийн мэдээлснээр, Аюулгүйн зөвлөл барууны суртал ухуулгаар явагдаж буй хосолмол дайны хэлбэр Орост хамаарахгүй гэжээ.
Шойгу нь Путины эртний найз, холбоотон бөгөөд дайнд гол үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг өнгөрсөн сард Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь огцруулж, Оросын хүчирхэг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон.
Олон улсын эрүүгийн шүүхэд өөрийн гэсэн цагдаагийн байгууллага байдаггүй бөгөөд баривчлах ажиллагаа явуулахдаа гишүүн орнуудад түшиглэдэг.
Тиймээс Оросын албан тушаалтнуудыг хэн, хэзээ баривчлах нь тодорхойгүй байна. Орос улс өөрийн иргэдээ шилжүүлэн өгөхгүй байх бодлого баримталж байгаа бол Олон улсын эрүүгийн шүүх Гаагаас гадуур шүүх ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Шүүхийн прокурор Карим Хан өнгөрсөн хоёрдугаар сард Оросын албан тушаалтнуудыг баривчлах хүсэлт гаргажээ. Одоо шүүхээс Украинтай хамтран мөрдөн байцаах ажиллагааг явуулахаар хэлэлцэж байна. Украины шилдэг мөрдөн байцаагч гэгдэх Бренда Холлис прокурор Карим Хантай хамтран ажиллах хамгийн өндөр магадлалтай. Холлис нь одоогоор Украины газар нутгаас олзлогдсон иргэдийн хэргийг мөрдөн шалгаж буй. Герман, Их Британи, АНУ зэрэг Олон улсын эрүүгийн шүүхийн зарим холбоотон энэ хэрэгт оролцох эсэх нь мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ