Евро 2024 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна.
ДАНИ 0 – 0 СЕРБИ
С хэсгийн тоглолтуудын агуулга сонирхолтой, үзүүштэй ч үр дүн нь хэтэрхий уйтгартай байна. Дани, Серби хоёр хуурай тэнцсэнээр Данийн шигшээ баг хэсгээ тэргүүлэх сайхан боломжоо алдав. Угтаа хоёр гоолын зөрүүтэй хожсон бол хэсгээ тэргүүлж, хасагдах шатны эхний даваанд арай зөөлөн учраатай таарах байлаа.
Тоглолтын тухайд Дани илүү бөмбөг эзэмшиж, Серби илүү аюултай довтолгоо зохион байгуулсан. Харамсалтай нь хожил байтугай гоол харагдсангүй.
Тоглолтын дараа Данийн Кристиан Эриксен "Хасагдах шатанд шалгарсандаа таатай байна. Тэмцээн эхлэхийн өмнө бидний хүсч байсан зүйлсийн нэг бол энэ. Словени болон Сербийн эсрэг тоглолтод шилдгээр нэрлэгдсэндээ баяртай байна" гэв.
Сербийн дасгалжуулагч Драган Стойкович "Тоглолт үнэхээр тэнцүү боллоо. Бид нэг боломж, нэг гоол эрэлхийлж байлаа. Дани бол хүчтэй баг. Үнэхээр ойрхон, амаргүй тоглолт байлаа. Бид тэдний хамгаалалтыг сэтлэх бүхий л боломжтой зүйлийг хийлээ. Бид зоригтой, шилдэг хөлбөмбөг тоглосон ч санаснаар болсонгүй" гэжээ.
АНГЛИ 0 – 0 СЛОВЕНИ
Гарет Саутгейтын найман жил хэрэгжүүлсэн төсөл, арга барил яг эгзэгтэй мөчид үр дүнгүй байна. Энэ жил л Английн шигшээ багийг Еврод түрүүлнэ гэж олон хүн бодож, таамаглаж байгаа. Англичууд Саутгейтэд 2016 оноос хойш итгэл хүлээлгэн дуугүй, тэвчээртэй хүлээсэн. Хоёр дэлхийн аварга, нэг Еврод бүтэлгүйтсэн ч нэг муу үг ган гээгүй. Гэтэл хамгийн чухал үедээ хүлээлтэд хүрсэнгүй.
Сербийг ганц гоолоор хожсоныг эс тооцвол Словени, Данитэй тэнцэв. Хожсон ганц тоглолтдоо бүр илт илүүрхээд байсан зүйлгүй. Ингээд бодохоор Английн шигшээ энэ Еврод түрүүлэх эсэх нь тун эргэлзээтэй байна.
Өчигдөр ч гэсэн Словений хуурай тэнцэв. Өнөөх хэл ам дагуулаад байсан гараандаа ганц өөрчлөлт хийсэн нь Конор Галлахерыг гаргасан. Гэвч үр дүн харагдсангүй.
Тоглолтын дараа Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Хоёрдугаар үед фэнүүд гайхалтай байлаа. Тэдний ачаар ялгаа гаргасан. Тамирчдаараа бахархаж байна. Бид хоёрдугаар үедб бүтэн удирдлаа. Хэдэн боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй. Хамгаалалт маань яхир байлаа. Тэдний үзүүлсэн тоглолтоор бахархаж байна. Бид фэнүүдээ аз жаргалтай Англи руу буцаах зорилготой. Хэсгээ тэргүүлсэндээ баяртай байна" гэжээ.
Тоглолтын шилдгээр шалгарсан Словенийн Адам Черин "Бид Английн тоглолтыг нарийн судалж, энэ тоглолтод сайн бэлдсэн. Зарим нэг үйл явдлуудыг эс тооцвол тэд аюултай байж чадсангүй. Ийм олон ододтой багийг хязгаарлах гэж хичээл зүтгэл, золиос их гаргалаа. Бид бие биенийхээ дутууг нөхөж, илүү гүйлээ. Англи шиг багийн эсрэг гайхалтай тоглох хэрэгтэй" гэв.
Энэ хэсэгт ганц хожсон нь Англи, ганц хожигдсон Серби. Бусад бүх тоглолтууд тэнцээгээр өндөрлөсөн.
Холбоотой мэдээ