Евро 2024: Австри гангарч, Мбаппетэй Франц учраа олохгүй явна

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Австри гангарч, Мбаппетэй Франц учраа олохгүй явна

Евро 2024: Австри гангарч, Мбаппетэй Франц учраа олохгүй явна

Евро 2024 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжилж байна.


ФРАНЦ 1 – 1 ПОЛЬШ

Францын шигшээ нэг тийм орон гаран харагдана. Өчигдөр гэхэд Польштой эвийн гэрээ байгуулж, ганц оноо авчээ. Үүний улмаас хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарав. Францын шигшээд том нэрс байгаа ч тоглолтод нөлөө үзүүлж буй нь цөөхөн.

Сайн мэдээ нь Мбаппе гоолын цангаагаа тайлж, гоол оруулсан. Гол асуудал нь хамгаалалт болон дундын шугамд байна. Упамекано Польшийн шигшээд торгуулийн цохилт бэлэглэсэн бол Канте ойрд тоглоогүйгээрээ муу тогложээ.

Мбаппе гоолын салхийг хагалсан ч Левандовски тооны харьцааг тэнцүүлж, тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын шилдгээр Польшийн хаалгач Лукаш Скорупски нэрлэгдсэн. Францын довтлогчид түүний учрыг олж чадсангүй.

Тоглолтын дараа Францын дасгалжуулагч Дидье Дешам "Би сэтгэлээр унахгүй байна. Мэдээж бид хэсгээ тэргүүлэхийг хүссэн. Гэхдээ Скорупски тэнд байлаа. Тэр өнөөдөр гайхалтай байсан. Олон хаалт хийлээ. Түүнийг магтъя. Бид долоон боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй. Гэхдээ ийм боломж үүсгээгүй бол би бүр санаа зовох байв" гэжээ.

Польшийн дасгалжуулагч Михал Пробеж "Бид хэдий хасагдсан ч биднийг дэмжсэн фэнүүддээ баярлалаа. Бид эцсээ хүртэл тэмцэж, сайн өрсөлдөөнийг үзүүллээ. Хөлбөмбөг ингэж л урагшилдаг. Тамирчдынхаа хичээл зүтгэлд талархаж байна. Хасагдах шатанд шалгарч чадаагүй нь ичмээр юм. Бид явах болсон нь харамсалтай байна" гэв.

НИДЕРЛАНД 2 – 3 АВСТРИ

Ральф Рангникийн Австрийн шигшээ баг энэ Еврод ногт ганзагалаж иржээ. Тэд Франц, Нидерланд, Польш гэсэн хүчирхэг багуудыг ардаа хийн хэсгээ тэргүүллээ. Өчигдөр л гэхэд Нидерландтай нээлттэй тоглолтыг үзүүлж, таван гоол орсон тоглолтыг эцэст Забитцерын гоолоор ялалт байгуулжээ. Ингэснээр тэд хэсгээ тэргүүлж, Нидерландын шигшээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарав.

Австрийн дасгалжуулагч Ральф Рангник "Бид эцэст нь хожил байгуулах эрхтэй гэж бодож байна. Ерөнхийдөө бид хожихын төлөө илүү шунаж, талбай дээр эрчтэй байлаа. Гоол алдсан ч хурдан сэргэж, хүнд байдалд орсонгүй. Бид тоглолтын хэв маягаа хадгаллаа. Гарааны тамирчдын маань тоглолтыг сайн харвал та нар малгайгаа авч хүндтэтгэл үзүүлэхээр шүү" гэжээ.

Нидерландын дасгалжуулагч Роналд Коэман "Бид тоглолтыг муу эхлүүлсэн. Хүчтэй байж чадсангүй. Өрсөлдөгч маань сайн шахлаа. Тоглолтыг эхнээс нь удирдаж чадсангүй. Удалгүй сайжирч, хэд хэдэн боломж үүсгэсэн. Гэхдээ тэд биднийг шийтгэлээ. Бид талбай дээрх хариуцлаа хүлээх болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж