Хугацаа нь дууссан 21 мянга гаруй барааг устгажээ

Хуучирсан мэдээ: 2024.06.26-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан 21 мянга гаруй барааг устгажээ

Хугацаа нь дууссан 21 мянга гаруй барааг устгажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Салбарын хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын арга хэмжээ зохион байгуулж буй. Тус ажлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт улс даяар зохион байгуулсан байна.

ХҮНСНИЙ САЛБАРЫНХНААС 7754 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Улсын хэмжээнд 3780 газарт шалгалт хийснээс 2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байжээ.

Шалгалтын хүрээнд нийт 7754 зөрчил илрүүлснээс 5074 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, Зөрчлийн тухай хууллиар 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн хадгалах горим алдагдсан, хугацаа дууссан байсныг илрүүлж, устгасан байна.

"ХАДГАЛАХ ГОРИМ АЛДАГДСАН, ХУГАЦАА ДУУССАН ЗӨРЧИЛ ИХ ИЛЭРСЭН"

Энэ талаар мэдээллийг ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Сарантуяагаас тодрууллаа.

-Хүнсний салбар бол олон хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой чухал салбар. Шалгалтад хэчнээн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулж, ямар төрлийн шалтгалт хийсэн бэ?

-Улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Нийт 2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжийн дагуу тогтмол төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээд явдаг. Харин төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу олон нийтийг хамарсан баяр наадмын өмнө хийдэг. Тодруулбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг сонгон авч “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын шалгалт хийсэн. Аль болох баяр наадмын өмнө бүхий л аж ахуйн нэгжүүдийг хамарсан өргөн хүрээний хяналт шалгалтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр зорьж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу  төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэсэн дөрвөн төрлийн хяналт шалгалт байдаг. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхдээ объектуудын эрсдлийг үнэлдэг. Улмаар их болон дунд хэмжээнд үнэлэгдсэн газруудыг сонгон авч төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийдэг. Харин урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхдээ нийтийг хамарсан баяр ёслолын өмнө буюу цаг үеийн шаардлагаар хийдэг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн нотлох баримт бүхий гомдол саналын дагуу хийдэг. Эдгээр газарт хугацаатай үүрэг даалгавар өгөөд гүйцэтгэлээр шалгах үндэслэлтэй бол гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.

-Улсын хэмжээнд явуулсан шалгалтаар маш олон зөрчил илэрч, хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан бараа бүтээгдэхүүнийг ч устгасан байна?

-Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. Илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлээд байна. Тухайн газрууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Тодруулбал, үйл ажиллагааг зогсоох үндэслэл гэж байдаг. Жишээ нь, хадгалах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүн дээр л бид арга хэмжээ авдаг. Харин зарж борлуулсан газрын үйл ажиллагааг хаах үндэслэл болохгүй. Энэ удаагийн шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл бүхий зөрчил илрээгүй. Сая хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгуулсан. Урт хугацаа, санхүүжилт төсөв мөнгө шаардсан, барилга байгууламжтай холбоотой зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгдөг.

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагдах, хугацаа хэтэрсэн байх зэрэг зөрчил их илэрч байгаа нь юутай холбоотой байна вэ. Ер нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх горим алдахгүй байх тал дээр ямар зөвлөмж өгдөг вэ?

-Урин цаг ирж байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн асуудал чухал байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнийг  тээвэрлэхдээ зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлснээс болж замдаа хадгалалтын горим алдагдах тохиолдол их байна. Мөн улсын хэмжээнд хадгалах болон хугацаа дууссан зөрчил олон бүртгэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж