Хятад улс Тайванийг гал нээлгүйгээр буулган авах боломжтой юу гэх асуудлаар олон улсын батлан хамгаалахын шинжээчид мэтгэлцэж байна. Коммунист нам удаан хугацааны турш Тайванийг өөрийн газар нутаг гэж зарласан. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй иргэдийг Аюулгүй байдлын хуулиар сүрдүүлж, усан замын цэргийн сургуулилалт хэд хэдэн удаа хийсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпиний засгийн газар Тайванийг эрхшээлдээ оруулахын тулд цөөн бус арга хэмжээ авсан ч олон улсын шүүмжлэлл багагүй өртсөн.
Тэгвэл Хятадын засгийн газар Тайванийг буун дуун гаргалгүй өөртөө нэгтгэх боломжтой гэх хоёр хувилбар дээр шинжээчид санал нэгдсэн байна. Гэхдээ Вашингтоны судалгааны төв (CSIS) гурав дахь арга тактик бийг анхааруулжээ. Тэрхүү гурав дахь арга нь АНУ төдийгүй олон улсын мэдлээс хэтэрсэн байж мэдэх "хорио цээрийн дэглэм" юм. Хэрэв Бээжингийн эрх баригчид Тайванийн боомтуудыг хорио цээр нэрээр хаавал 23 сая хүн амтай тус арал наад зах нь эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй.

Дайн зарлаагүй ч саарал бүсийн тактик ашиглан Тайванийн усан хилд Хятад ноёрхлоо тогтоох гэж хичээж байна. Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, саарал бүсийн тактик нь дайн ба энх тайвны хооронд, хар биш, цагаан биш “саарал” орон зайд өрсөлдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, Хятад улс Тайванийн чиглэлд дайны ч бус энх тайвны ч бус саарал бүсийн ажиллагааг тогтмол явуулж, цэргийн хээрийн сургуулилалт хийх, эргүүл, тандалтын нисэх онгоц, хөлөг онгоц илгээх, эдийн засаг, улс төр, дипломатын дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулж айлган сүрдүүлж байна. Энэ нь цэргийн шууд мөргөлдөөнд хүрэхгүйгээр бүх төрлийн түрэмгийлэх үйл ажиллагааг явуулж байна гэсэн үг юм.
Олон улсын түвшинд мөн адил Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нуугаагүй. Тухайлбал, Сингапурт болсон Шангри-Ла яриа хэлэлцээний батлан хамгаалахын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун "Тайванийн тусгаар тогтнолын төлөөх аливаа алхмыг дэмжигчид өөрсдийгөө ангалд унагаж байна" гэж сүрдүүлсэн. Тэрбээр "Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлахын тулд шийдэмгий арга хэмжээ авч, ийм зүйлд хэзээ ч хүргэхгүй. Тайваньтай хууль бус албан ёсны харилцаатай хүмүүс буруу алхам хийж байна" гэж шүүмжилсэн юм.

Дан ганц Тайвань гэлтгүй Өмнөд Хятадын тэнгист Хятад эзэгнэх сонирхолтой байгаа. Тухайлбал, зургадугаар сарын дунд үед Филиппиний Тэнгисийн цэргийн завь руу Хятад усан буугаар шүршиж, хохирол учруулжээ. Удаан хугацааны турш Хятад Филиппиний хооронд Өмнөд Хятадын тэнгисийн маргаан өрнөсөн. Газар нутаг булаацалдаж буй Хятадын эрх баригчид мөн л саарал тактик ашиглан Филиппинийг "тоглоомоос хасах"-ыг хүсч байна.
Үүний адил чөлөөт зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн Тайванийг Ши Жиньпин цэргийн хүч, эдийн засгийн бодлогоороо айлган сүрдүүлж байна. Хятадын эрх баригч коммунист нам Тайванийг хяналтдаа оруулж байгаагүй ч, шаардлагатай бол хүчээр дахин нэгтгэнэ гэж амласан. Гэхдээ уг амлалт олон улсын харилцаа холбоогоо сайжруулж явсан Тайваньд нөлөөлөхгүй л болов уу.
Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу Вашингтон тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй. Үүргээ ч биелүүлдэг. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хуулийн шаардлагаас давж, Тайванийг хамгаалахын тулд Америкийн цэргийг ашиглана гэж удаа дараа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Хятадын хууль сахиулах ажиллагаа гэж үзэж байгаа зүйлд АНУ-ын цэргийн хөлөг онгоц эсвэл нисэх онгоц хөндлөнгөөс оролцсон бол АНУ дайны ажиллагаа эхлүүлсэнд тооцох эрсдэлтэй.
Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн шинжээчид Бээжингийн хорио цээрийн арга хэмжээ нь Тайванийг эдийн засгийн хувьд боомилох үр дагавартай хэвээр байгааг сануулж байна. Мөн Тайваньд бизнесээ өргөжүүлсэн томоохон компаниуд үйл ажиллагаагаа зогсоох болбол ажилгүйдлийн түвшин нэмэгдэх эрсдэлтэй тулгарна. Тайвань, Хятад хоёр нь эдийн засгийн хувьд гүн гүнзгий холбоотой. Тайванийн Эдийн засгийн яамны мэдээлснээр, 2023 онд тус арлын экспортын 35 хувь нь Хятадад очсон бөгөөд үүний дийлэнх нь нэгдсэн хэлхээ, нарны зай, электрон эд анги байсан. Тухайн онд арлын нийт импортын 20 хувийг эх газрын импорт эзэлсэн аж. Тайванийн засгийн газрын статистик мэдээгээр 1991-2022 оны хооронд Тайванийн компаниуд Хятадад нийт 203 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хятадад сая сая ажлын байр бий болгожээ.
Эх сурвалж: CNN
3,548.92














































