Үндэсний эвслийн сонгуулийн төв штаб байрлаж байсан байранд өчигдөр /2024.06.25/ цагдаагийн байгууллагаас үзлэг нэгжлэг хийсэн нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг тус эвслийн зүгээс мэдэгдээд байна. Харин цагдаагийн байгууллагаас “Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Үндэсний эвслийн сонгуулийн төв штаб байрлаж байгаа байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан” гэж мэдэгдээд буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.
Г.Пүрэвдэлгэр
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Цагдаагийн байгууллагад зургадугаар сарын 25-ны 12:22 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэл явагдаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Мөн өдрийн 13:23 цагт сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байна гэх дуудлага мэдээлэл нэр бүхий иргэнээс ирсэн
Гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс алба хаагчид очиж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны техник суурилуулан мөн олон тооны иргэд байрласан асуудал тогтоогдсон. Ямар зорилгоор байрласан, ямар үйл ажиллагаа явуулж байсан талаар шалгалтын ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд иргэн, байгууллагаас ирсэн гомдол мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах үйл ажиллагааны мэдээллийг прокурорын зөвшөөрснөөр өгнө.
О.Батхүү
Үндэсний эвслийн хуульч
Үндэсний эвслийн сонгуулийн төв штабын байран дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Үзлэг нэгжлэгийг иргэний гомдлоор эхлүүлэхдээ бидэнд ямар ч зөвшөөрөл үзүүлээгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд гомдлоо гаргалаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.2-т сонгуулийн үйл ажиллагаа явуулж байгаа албан тасалгаанд үзлэг нэгжлэг хийхийг хориглоно. Үзлэг нэгжлэг хийхээр бол СЕХ-ноос зайлшгүй бичгээр зөвшөөрөл авна гэдэг хуулийн заалттай. Энэ талаар СЕХ –ноос цагдаагийн байгууллагад хандан, албан бичиг явуулсан байна.
Үндэсний эвслийн сонгуулийн штабт ажиллаж байсан оюутнуудыг Улсын мөрдөн байцаах газраас яаралтай ирж мэдүүлэг байцаалт өг гэж ярьж байна. Үндэсний эвслийн хувьд энд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр хангая. Одоо ажлын цаг дууссан учраас маргааш өглөө хүмүүсээ аваад очвол болох уу гэхэд зөвшөөрсөнгүй.
Үндэсний эвслийн байранд хятад иргэд олон тоогоор байна, хууль зөрчиж байна гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн орж ирээд үйл ажиллагааг маань зогсоосон. Цагдаагаас ерөнхий газраас мэдээлэл хийхдээ тодорхой үндэслэл хэлээгүй. Бидний хувьд хоёр зүйл шаардсан. Нэгдүгээрт, прокурорын зөвшөөрөл байна уу, СЕХ ноос хуульд засны дагуу зөвшөөрөл авсан юм уу гэсэн, цагдаагийн зүгээс юу ч үзүүлээгүй. Арван хэдэн цагдаа орж ирээд манай сонгуулийн штабын үйл ажиллагааг шууд зогсоосон.
Одоо сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг хоног үлдлээ. Үнэндээ манай сонгуулийн үйл ажиллагааг зогсоож байна л гэж харж байна. Ямар зорилготой гэдгийг мэдэхгүй байна. Цагаан дээр хараар бичсэн тов тодорхой хуулийг илт зөрчиж байгааг Монголын бүх л хүн харж байна. СЕХ -ноос сая хэллээ, үзлэг нэгжлэг хийх бол зөвшөөрөл авах ёстой гэлээ.
Сонгуулийн штаб ажиллаж байгаа газар хүмүүс компьютер дээр л ажлаа хийнэ. Тэр компьютерыг олон тооны тоног төхөөрөмж гэж ярьж байгаа нь ойлгомжгүй л санагдсан.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ