"Үндэсний эвсэл"-ийн штабын байранд цагдаа нар шалтгаангүй нэгжлэг хийж байгаа талаар тус эвслийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Хуульч О.Батхүү:
-Цагдаа нар "Танай штаб мөн үү?" гэж гуйвуулж байна. Энэ гэрээн дээр тодорхой биччихсэн байна. Бид нар сонгуулийн үйл ажиллагаагаа явуулмаар байна.
-Цагдаа нар ирэхэд хэчнээн хүн байсан бэ?
-150 орчим хүн байсан. Цагдаа нар бүгдийг нь бүртгээд гаргасан. Нэг ч хятад, гадаад иргэн байгаагүй.
-Та хэдийг дуудаж лавласан зүйл байгаа юу?
-Манай хоёр ажилтныг дуудсан. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэсэн ч гаргахгүй гэсэн. Тиймээс өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөөд гарсан. Ямар ч зөвшөөрөлгүй нэгжлэг хийж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна. Үүнийг нь сануулсан ч биднийг оруулахгүй байна. Сонгууль дуустал манай үйл ажиллагааг зогсоож байх шиг байна.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Цагдаа нар бол "Та нар гомдлоо гарга" гэж байна. Бид сонгууль дуусах гэж байхад ямар гомдол гаргаад яах юм бэ? Биднийг сонгуульд оруулахгүй л гэж байна. Монголд өнөөдөр төрийн эрхийг хэн барьж байна вэ? Хэн орж, гарахыг эд нар шийддэг болчихсон юм уу? Ахалж байгаа хүнтэй нь уулзъя гэхээр ахалж байгаа хүн байхгүй. Цагдаа нар сонгуульд хэн оролцох эсэхийг нь шийддэг болчихсон юм уу? Өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг хязгаарлаж, сонгуульд оролцдог юм уу?
Бид нар мэдээллээ өг гэж шаардаж байгаа юм. Гэтэл өнөөдөр ямар нэгэн цаасан байдлаар зөвшөөрөл, бичиг ирэх ёстой. Гэвч алга байна. Тодорхой зүйл алга. Бидний хийж чадах зүйл бол хэвлэл мэдээлэлд хандах. "300 хятад ажилтан энд ажиллаж байна" гэсэн. Үйл ажиллагаагаа танилцуулахад нээлттэй. Маргааш сурталчилгаа дуусах гэж байхад ийм байдалтай байна. Юу ч үзүүлэхгүй байна.
-Олон тооны компьютер гарч ирсэн гэсэн?
-Neguun.mn сайт лайваа эхлүүлээд араас нь цагдаа орж ирж байна. Тэгэхээр хэний захиалга вэ гэдэг нь ойлгомжтой. Мэдээж, албан байгууллага учир компьютер байна ш дээ.
-Жирийн иргэний гомдлыг цагдаа нар ингэж хурдан шалгадаг юм уу?
-Монголчууд тэнэг хүн биш ш дээ. "Neguun.mn" сайт цагдаа руу залгангуут л цагдаа нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирнэ гэж байхгүй ш дээ.
-Сонгуулийн сурталчилгааны нэг өдрийг алдахаар танай эвсэлд ямар гарз хохиролтой вэ?
-Бид хүн бүхэнтэй очиж уулзаж чадахгүй учир цахим харилцаа холбоо бол бидний харилцах боломж. Гэтэл ийм байна. Сонгуулийн дараа цагдаа нар "Уучлаарай шалгаад юм гарсангүй" л гэнэ. Бид арван минутын дараа Сонгуулийн ерөнхий хороо орно. Цагдаа нар манай штабыг дөрвөн цаг шалгаж байна. Яг тэнд уулзаад учрыг нь лавлая.
МАН есөн давхар байшиндаа өрөө бүрт нь дарга нар суудаг байх. Гэтэл бид нар байр түрээслээд зай багтаамжаа зөвөөр ашиглаж, бөөр бөөрөөрөө нийлээд сууж байна. Нээлттэй юмаа үзүүлье гэхээр шалтгаангүй зогсоочихлоо.
Цагдаагаас энэ асуудлаар тодруулга авах гэсэн боловч "Тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Хуулийн дагуу л шалгалтаа явуулна" гэсэн товчхон хариулт өглөө.
Холбоотой мэдээ