Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хороог орон сууцжуулах ажил “Эрэл” компаниас болж саатсан байна. Иймд гэр хорооллыг барилгажуулах төсөлд хамтрах гэрээ байгуулсан байсан “Эрэл” компанийн гэрээг цуцалжээ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн 158 га дээр 12 мянган айлын орон сууц барих барилгын ажлын тендер ирэх долдугаар сардаа багтаан зарлагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хорооны дахин төлөвлөлтийн төсөл “Эрэл” компаниас болж гацсан тул гэрээг цуцалсан. Чингэлтэй дүүргийн дүүргийн 7, 8, 9 дүгээр хороо, МҮОНРТ орчмын айлыг орон сууцжуулах ажлыг НОСК –д хариуцуулсан” гэлээ.
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд цэвэр, бохир усны хоолойг татаж, дулааны шугам сүлжээний ажил бүрэн дууссан тул барилга барих ажлыг эхлүүлэхэд дэд бүтцийн хувьд саатах зүйл байхгүй болсон аж.
Нийслэлийн зүгээс “Сэлбэ” дэд төвийг түшиглэн Засгийн газраас зарласан 20 минутын хот концепцийн хүрээнд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор багтаан авах боломжтой хотыг байгуулахаа мэдэгдээд буй. Нэг ёсны “Сэлбэ” дэд төв дээр хэрэгжих төсөл загвар болж, цаашид хэрэгжих юм.
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн босох 20 минутын хотын 60 хувь нь барилга байгуулам байх бол 40 хувь нь ногоон байгууламж байхаараа онцлог. Мөн энэхүү дэд төвд баригдах орон сууцуудын усны хоолой нь зэс байна. Одоогоор тус төвийн орчимд 1000 шахам айл газраа чөлөөлөөд буй бөгөөд 500 гаруй өрх нь нөхөн олговроо авсан юм. Тухайлбал, 0.07 га газар 200 гаруй сая төгрөгийн үнэд хүрсэн.
Иргэдийн чөлөөлсөн газар дээр орон сууц барингуут шинээр газар чөлөөлсөн иргэдийг оруулах замаар гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих юм.
Энэ жишгээр гэр хорооллыг барилгажуулснаар агаарын бохирдлыг 60 хувь хүртэл бууруулах тооцоо гарсан. Сэлбэ дэд төвөөс гадна Баянхошуу дэд төв, Шар хад дэд төв, Толгойт дэд төвийг түшиглэн орон сууцжуулах төсөл хэрэгжинэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ