Лос Анжелес Лэйкерс баг эцэст нь өөрсдийн шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. "NBA"-ийн 17 удаагийн аваргуудыг удирдахаар дасгалжуулагчийн туршлагагүй ч тамирчин ахуйдаа сийрэг толгойтой гэгддэг байсан Жонатан Клай Редик буюу ЖЖ Редик ирлээ. Орон нутгийн цагаар өчигдөр/2024.06.24/ түүнийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийжээ.
Редик Лэйкерстэй дөрвөн жилийн гэрээ байгуулсан аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав. Лэйкерсийн хувьд Редикийг бус коллежийн сагсан бөмбөгийн алдарт дасгалжуулагч Дан Хөрлиг сонирхож байсан ч Хөрли өөрөө Коннектикутын их сургуулиа дасгалжуулахыг илүүд үзсэн. Тэгвэл сэтгүүлч Редикээс Лэйкерсийн хоёр дахь сонголт болсон талаар нь асуухад "Дан Хөрли Коннектикутын хамтаар хоёр ч удаа үндэсний аварга болсон. Гэтэл би гурав болон дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэй хоёр удаа "55 Swish" лигийн аварга болсон. Тиймээс би тэдний шийдвэрийг ойлгож байна" гэжээ.
Тэрбээр дасгалжуулагч болсон талаараа "Би юу хийхээ мэдэх юм шиг мэдрэгдсэн. Надад "NBA"-ийн дасгалжуулагчийн туршлага гээд байх зүйл байхгүй. Гэхдээ өөрийгөө туршлагатай гэж хэлнэ. Энэ бүхэн 22 жилийн өмнө Дюкийн их сургуульд очиход л эхэлсэн" гэжээ.
Редик "NBA"-д 15 улирал тоглож, 2021 онд зодог тайлсан билээ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа аналистаар ажиллаж, ЛеБрон Жэймстэй хамт "Mind the Game" подкастыг хийж, сагсан бөмбөгийн тактик болон мэдлэг өндөр гэдгээ харуулсан.
Холбоотой мэдээ