Хятадын баруун өмнөд нутгийн нэгэн тосгонд пуужингийн хэлтэрхий унаж буй бичлэг цахим орчинд тархжээ. Тодруулбал, Сычуань мужийн Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс Бямба гаригт орон нутгийн 15:00 цагт хөөрсөн "Long March 2C" зөөгч пуужингийн хэлтэрхий Гуанжоу мужийн Шианчиао тосгон дээрээс унасан байна. Уг пуужин нь гамма цацрагийн тэсрэлт гэгдэх алс хол оддын дэлбэрэлтийг судлах зорилготой Хятад, Францын хамтарсан бүтээл юм.
Ши Жиньпин Хятадын сансар судлалын салбарыг дэлхийн түвшинд хүчирхэгжүүлж, өмнө нь хийгдэж байгаагүй судалгааны ажлуудыг зохион байгуулна гэж амласан. Үүний хүрээнд тус пуужинг хөөргөсөн. Мөн Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпораци (CASC) хөөргөлт амжилттай болсон гэж баталсан байжээ.
Хятадын богино бичлэгийн Куаишоу платформ дээр пуужингийн хэлтэрхий шар утаа суунаглуулан унаж буйг үзүүлжээ. Оршин суугчдын хэлснээр, пуужингийн хэлтэрхий унах үед хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдсон ба хурц үнэр гарч байсан. Үүний дараа, засгийн газраас пуужингийн хог хаягдал сэргээх ажиллагаа явуулсан гэж мэдээлэл нийтэлсэн. Мөн хэлтэрхий унаснаас үүсэн дэлбэрэлтийн дараа хорт хий цацарсан байх магадлалтай тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Одоогийн байдлаар гэмтэж, бэртсэн хүн бүртгэгдээгүй байна.
Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, пуужингийн шинжээч Маркус Шиллер хэлэхдээ, пуужингийн хэлтэрхий нь азотын тетроксид болон тэгш хэмтэй бус диметилгидразин (UDMH) -аас бүрдсэн шингэн түлшийг ялгаруулдаг. Энэ нь шар, улбар шар утаа ялгаруулдаг бөгөөд хорт хавдар үүсгэдэг аж. Тухайн шар утаагаар амьсгалсан тохиолдолд бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрдэг тул аль болох эх үүсвэрээр хол байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ